Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт 11 дүгээр сарын 16-нд гарна, ан амьтдад идэш тэжээл тавина
![]()
Зураг (Монгол талын байгаль, жишээ зураг): Jyper at English Wikipedia / Wikimedia Commons, CC BY 3.0
Засгийн газрын 11 дүгээр сарын 4-ний хуралдаанаар Нөмрөгийн Дархан цаазат газар (ДЦГ)-ын түймэрт өртөөгүй хэсэгт байгаа ан амьтдад идэш тэжээл тавьж өгөхөд Нөөц сангаасаа 629 сая төгрөг зарцуулахаар баталжээ. Түймрийн хохирлыг үнэлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 16-нд эцсийн дүгнэлт гарна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир «Нөмрөгийн ДЦГ-т 468 мянган га талбай шатсан. Түймэрт өртөөгүй багахан газарт ан амьтад нягтарч байгааг судалгааны баг мэдээлээд байна. Удахгүй цас орох төлөвтэй байгаа тул түүнээс өмнө ан амьтдыг идэш тэжээлийн дутагдалд орохоос сэргийлж биотехникийн арга хэмжээ авахад Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргахаар болсон» гэв.
Идэш тэжээл тавьж өгөх ажлыг зохион байгуулах үүргийг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт өгсөн тогтоол батлагдсан. ДЦГ-ын гүнд долоон цэгт биотехникийн арга хэмжээ авахаар зураглалаа гаргажээ. Сайдын хэлснээр 2022 онд Нөмрөгт төрийн бус байгууллагаас судалгаа хийхдээ нийт 14,000 гаруй туурайтан байх бололцоотой гэж дүгнэсэн бөгөөд үүнтэй уялдуулан биотехникийн арга хэмжээгээ төлөвлөсөн аж.
Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг тогтоох 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатарт буцаж ирж, эхний тайлангаа яамны удирдлагад танилцуулсан. Хохирлын эцсийн үнэлгээг 16-ны өдөр гэхэд тогтоосон байх хуулийн хугацаатай бөгөөд яамнаас мэргэжлийн шинжээч, судлаачдын багийг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр ажиллах нөхцөл боломжоор хангаж байгааг сайд хэллээ.
Мөн сайд «Түймрийн уршигтай холбоотой гарч байгаа бүх зардлыг хохиролд тооцно. Эзэн холбогдогчийг эцэслэн тогтоосноор хохирлыг гаргуулна. Японы Засгийн газраас нөхөн сэргээлтийн арга хэмжээнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн. Бид олон улсын байгууллагуудтай хамтарч нөхөн сэргээлтийн арга хэмжээнд дэмжлэг, хандив авах чиглэлээр ажиллана. Түүнчлэн хөрш улсуудын судлаачдыг урьж ажиллуулан санал дүгнэлтийг авна» гэв.
