Сангийн сайд: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараахгүй, Хуримтлалын санд төвлөрүүлнэ
![]()
Зураг (Засгийн газрын ордон, жишээ зураг): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Оюутолгойн ногдол ашгийн мөнгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц барих агуулгатай хуулийн төслийг Засгийн газар татан авч, ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсон. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Сайд «Төсвийн хэлэлцүүлгийн явцад ард иргэдээс санал асуулга явуулахад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Баялгийн сангийн хуулийн хүрээнд Хуримтлалын санд авах нь зүйтэй гэж олонх нь шийдсэн. Баялгийн сангийн тухай хуулиар хэрэв гурван их наяд төгрөг орж ирвэл Хуримтлалын санд орно. Үүнээс нэг их наяд төгрөгийг ипотек, боловсрол, эрүүл мэндэд зарцуулна гэдэг Засгийн газрын бодлого хэвээрээ» гэв.
Тэрбээр «Гурван их наяд төгрөгийг эдийн засагт тараавал инфляц 2-3 хувиар өснө. Энэ бол эргээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байна» гэжээ.
Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байгаагаа хэлсэн ч Засгийн газрын бодлого хэвээр байгааг сайд онцолсон. Мөн «Хэрэв бэлэн мөнгө тараах байдлаар асуудлыг шийдвэл Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орох хэрэгтэй. Ийм хуулийг Засгийн газар өргөн барихгүй» гэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тооцоолсноор ирэх онд Оюутолгойгоос ногдол ашигт гурван их наяд төгрөг авах нь тодорхой болсныг дурдаад, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлснийг мэдэгдэж, ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзсэн юм.
