Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлээр 160 автобус авна, дүүжин тээврийг 12-р сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлдэж байна

Улаанбаатар дахь автобусны буудал, жишээ зураг

Зураг (Улаанбаатар дахь автобусны буудал, жишээ зураг): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

2027 оны Улаанбаатарын төсвийг энэ сарын 20-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д өргөн барина гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв. Ирэх оны төсөв түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж байгааг тэрбээр онцоллоо.

Хотын даргын хэлснээр замын хөдөлгөөний урсгалын хурд 5 км/цаг болоход «0» зогсолт болсон гэж үздэг. Гэтэл 10 дугаар сарын 26-нд замын хөдөлгөөний хурд 3 км/цаг болжээ. Шатахуун түгээх станцуудын орчимд замын нэг, хоёрдугаар эгнээг дамнан оочер үүссэнээр хөдөлгөөн удааширч, нийтийн тээврийн зорчилтод саад учруулсан гэж тэрбээр тайлбарлав.

Нийтийн тээвэрт учирч буй асуудлыг шийдэхийн тулд 13 чиглэлд 21 автобус нэмж, богино эргэлтийн зургаан шинэ чиглэл нээсэн байна. Энэ өвөл 160 автобусаар паркаа шинэчилнэ. Үүнд цахилгаан 60, хүүхдийн 40, дунд болон богино эргэлтийн 50 автобус багтана.

Өнгөрсөн оны статистикаар 640 мянган иргэн нийтийн тээврээр өдөр бүр үйлчлүүлж байсан бол энэ өвөл 750 мянга болж нэмэгджээ. Одоогоор автобуснууд дунджаар 10-15 км/цагийн хурдтай явдаг. Үүнийг хурдасгах, ирэх цагийг тодорхой болгох нь чухал гэж хотын дарга хэлэв.

Мөн 2027 онд их багтаамжийн тээврийг бодит болгоход үр дүн гаргахаар ажиллаж байна. Одоогоор «Sky Shuttle», хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх зэрэг ажил үргэлжилж байгаа бөгөөд дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа аж. Ирэх жил Энхтайваны өргөн чөлөө, эсвэл Архивын Ерөнхий Газраас 120 мянгат руу их багтаамжийн тээвэр орж ирвэл нийтийн тээврийн хүртээмж илүү сайжирч, цагаараа явах боломж бүрдэнэ гэж тэрбээр үзэж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen