Япон Улс Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв
![]()
Зураг (тайлбар: Нөмрөг голын хөндий, 2024 он. Buir Menen Basin Authority / Wikimedia Commons, CC BY-SA 4.0)
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар 10 дугаар сарын 26-нд Японы Элчин сайд Игавахара Масару, “Мобиком корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясухиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ онцолсон. Мөн Японы байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Мобиком корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясухиро Очи байгаль орчинд учирсан хохиролд чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ. Түймэр унтраах ажилд оролцсон бүх хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна.
Сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистемтэй, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсныг онцлов. Хүний хариуцлагагүй үйлдлээс дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэнтэй энэ нутагт их хэмжээний хохирол учирсанд харамсаж буйгаа илэрхийлээд, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талын оролцоотойгоор эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн түймрээс учирсан хохирлыг бодитойгоор тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал гэдгийг сайд хэлсэн гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлэв.
