Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг тогтоох ажлын хэсэгт өнөөдрөөс нисдэг тэрэг гарна

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хиймэл дагуулын зураг

Зураг (тайлбар: Нөмрөгийн түймрийн хиймэл дагуулын зураг, Copernicus Sentinel): European Space Agency / Wikimedia Commons, Attribution

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг тогтоох асуудлаар холбогдох албаныхан болон «Мобиком Корпорац»-ийн төлөөллийг оролцуулсан шуурхай хуралдаан 10 дугаар сарын 26-нд боллоо. Хурлаар Улаанбаатар хотоос онгоцны түлш цэнэглэх машиныг өнөөдөртөө багтаан яаралтай гаргаж, маргаашдаа багтаан шаардлагатай нисдэг тэргийг гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ.

Ажлын хэсгийн ажил

Сайдын хэлснээр, хохирлын хэмжээг тогтоохоор тус газар нутагт гурван машинтай, 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Хохирлыг үнэн бодитой гаргахын тулд бүх цэг дээр очих шаардлагатай бөгөөд машин техник явах бололцоотой бүх газраар явжээ. Гэвч цаашид уул, хад асга, даваа гүвээ ихтэй, намаг шавартай, цас хялмаалсан байгаа учир машин техник явах боломжгүй. Иймд нисдэг тэргээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг өчигдөр тавьсан байна.

Ан амьтдын байдал

Ажлын хэсгээс мэдээлснээр шатаагүй хэсгүүд дээр ан амьтдын нягтаршил их байна. Одоогоор галд шатаж үхсэн амьтан олдоогүй бөгөөд шинжлээгүй бүс нутгууд дээр байдал ямар байгааг тогтоогоогүй байна. Мөн хэдий хэмжээний ан амьтан хил давсныг тооцоолоогүй аж. Хохирлыг нотлох баримтын хэмжээнд сайн цуглуулахыг чухалчилж байгаа гэж сайд хэлсэн.

Сайд мөн сүүлийн жилүүдэд Нөмрөгийн дархан цаазат газарт ховор ургамлын судалгаа хийгдсэн ч амьтдын судалгаа сүүлийн 20 жилд хийгдээгүй байсныг дурдаж, ирэх жилээс ховор ан амьтдын судалгааг хийнэ гэсэн.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen