Хотын дарга: Улаанбаатарын агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс 10-14 хувиар буурсан, өглөө орой утаа модоор гал асаахаас нэмэгдэж байна

Зайсан толгойгоос харагдах утаатай Улаанбаатар, жишээ зураг (2010 он)

Зураг (Зайсан толгойгоос харагдах утаатай Улаанбаатар, жишээ зураг (2010 он)): Einar Fredriksen / Wikimedia Commons, CC BY-SA 2.0

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хоёр жил дараалан хагас коксон түлшийг хагас тэрбум гаруй төгрөгөөр БНХАУ-аас худалдаж авч хэрэглүүлж байна. Өнгөрсөн жил анх удаа хэрэглэсэн уг түлш нь утаа багатай, агаарын бохирдлыг өмнөх оныхоос 30 орчим хувиар бууруулсан гэж эрдэмтдийн зөвлөлөөс дүгнэсэн тул хагас коксон түлшийг энэ жил дахин худалдаж авч байгаа. Гэвч өглөө, оройдоо Улаанбаатарт утаа үнэртэх нь ихсэж байна.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва 11 дүгээр сарын 4-нд «Өнөөдрийн байдлаар агаарын бохирдол өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10-14 хувиар буурсан гэдэг тооцоололтой байна. Өглөө галаа асаах үеэр болон орой утаа нэмэгдэж байна. Энэ нь галаа эхлээд модоор асаагаад байгаа учраас тоосжилт, утаа нэмэгдэж байгаа зүйл байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаа 0.4 градусаар хүйтэн байгаа ч агаарын чанар тодорхой хэмжээгээр сайжирч байна» гэж тайлбарлав.

Энэ өвлийн хүлээлтийн талаар хотын дарга 5,000 айлыг хийн зууханд шилжүүлснийг, мөн 280,000 тонн хагас кокс, угааж баяжуулсан нүүрснээс гаргаж авсан, хуучин шахмал түлшнээс арай чанартай, тоосжилт, хүхэр багатай 180,000 тонн шахмал түлшинд найдаж байгаагаа хэлэв. Өвөл агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс буурна гэдгийг анхнаасаа хэлж байсан гэжээ. «Ид өвлийн үеэр 11 дүгээр сарын 20-нд жинхэнэ нөхцөл байдалтайгаа нүүр тулна» гэсэн.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр 11 дүгээр сарын 3-нд РМ10 тоосонцрын агууламж 52-242 мкг/м3 байсан бөгөөд хамгийн өндөр нь Хайлааст орчим 242 мкг/м3 буюу Агаарын чанарын стандартаас 2.4 дахин их байв. РМ2.5 тоосонцрын агууламж 10-75 мкг/м3, хамгийн өндөр нь 3, 4-р хорооллын эцэс орчим 75 мкг/м3 буюу стандартаас 2 дахин их байжээ. Азотын давхар ислийн (NO2) агууламж 13-82 мкг/м3, хамгийн өндөр нь Зайсан орчим 82 мкг/м3 буюу стандартаас 1.6 дахин их. Хүхэрлэг хийн (SO2) агууламж 8-80 мкг/м3, хамгийн өндөр нь 3, 4-р хорооллын эцэс орчим 80 мкг/м3 буюу стандартаас 1.6 дахин их байсан аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen