МАН-ын бүлэг 2027 оны төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг 10–20 хувиар танахаар болов
![]()
Зураг (Улаанбаатар, Сүхбаатарын талбай): Krokus / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өчигдөр (2026.10.26) Төрийн ордонд хуралдаж, 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэн дээр Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаатай холбогдуулан төсөвт өөрчлөлт орох юм.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээллийг сонсож, дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай хууль болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу гаргасан зөвлөмжийг гишүүн Б.Хэрлэн танилцуулав.
Төсвийн асуудлаар зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10–20 хувиар танаж зохицуулахаар болсныг бүлэгт танилцуулсан байна.
Байнгын хороодын хэлэлцүүлэг
Мягмар гарагт УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцлээ. Гишүүн Б.Жаргалан энэ хуульд 25 дахь удаагаа 10 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан атал дахин өөрчлөхөөр хэлэлцэж буйг шүүмжилсэн. Тэрбээр төсвийн тэлэлтийг хазаарладаг хуулийн шаардлагыг тухайн жилийн онцлогт тааруулан зөөлрүүлж болохгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Б.Жаргалан инфляци 13.5 хувиас 12.9 хувь болсон боловч огт буураагүй, хүнсний инфляци наймдугаар сард 25 хувьд хүрч байсныг дурдаад, үүний шалтгааныг өндөр тэлсэн төсөв, төсөвт нүүрлэсэн хулгай, авлигатай холбон тайлбарласан. Мөн Оюутолгойн ногдол ашгийг зарцуулахгүй гэж хуулийн төслөө буцаан татсан ч төсвийн тооцооллын хавсралтад 52 жагсаалт байдгаараа байгааг онцолж, Засгийн газар төслөө бүтнээр нь татаж аваад засварласныхаа дараа УИХ-д хэлэлцүүлэх ёстой гэж үзжээ.
Засгийн газар, МАН-ын байр суурь
УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал 2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл явж байгааг, үүнд Засгийн газарт Төсвийн тухай хуулиа шинэчлэн оруулж ирэх үүрэг өгөхөөр тусгасныг хэлсэн. Түүний үзэж буйгаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль нь улсын төсөв нэлээд давжаа байх үед гарсан тул орон нутгууд өөрийн эдийн засаг, төсвийн боломж дээр тулгуурлан ажиллах чиглэлийг чөдөрлөж болохгүй.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж Төсвийн тухай хууль 71 зүйлтэй боловч 71 удаа өөрчлөлт орсныг дурдаж, салбар бүрийн хууль орж ирэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсаар байгаад төсвийн нэгдсэн бодлого алдагдсан гэж үзсэн. Тэрбээр нийслэлийн хувьд зарлагын чиг үүрэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар, орлого нь Төсвийн тухай хуулиар явж байгааг тайлбарлаж, Төсвийн тухай хууль нэг жил үйлчилсний дараа шинэ хууль өргөн барина гэжээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд төсвийн төсөл, холбогдох хуулийн нэмэлт өөрчлөлтийн эцсийн шийдвэр УИХ-аар батлагдсанаар тодорхой болно.
