Ерөнхийлөгч Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх байр сууриа илэрхийлэв
Зураг (Оюу толгойн уурхай): Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain
2027 онд Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авахаар болсон. Засгийн газрын тооцоолсноор ирэх онд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж байна. Мөрдөгдөж буй хуулийн дагуу уг ногдол ашгийг Хуримтлалын санд байршуулах ёстой.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ерөнхийлөгч «Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх санал ирүүлээд байна» гэжээ.
Тэрбээр «Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой нүүр тулж байна» гэсэн. «Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно» гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Засгийн газарт «Хөрөнгө оруулагч талтайгаа гэрээ хэлэлцээрээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгийг нь яаж хуваарилж хэзээ дансанд хийхийг Засгийн газар өөрийн эрхзүйн орчиндоо тохируулж, дүрэм журмаа боловсруулах хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлж, энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой» гэж чиглэл өгчээ.
