Шатахууны штаб: Улаанбаатар төмөр замд овоорсон вагоны дийлэнхийг дизелийн түлш эзэлж байна

Улаанбаатар төмөр замын галт тэрэг
Зураг (Улаанбаатар төмөр замын ачааны галт тэрэг): Kabelleger / David Gubler / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Шатахууны шуурхай штабаас өгсөн мэдээллээр Улаанбаатар төмөр зам дээр овоорсон вагоны дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна. Энэ тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлэв.

Тэрээр 10 дугаар сарын захиалгын хүрээнд Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх 57,000 тонн шатахуун гүйцэж, одоо 400 тонн орж ирэх үлдсэн гэв. Дэд сайд ОХУ дотоод нөхцөл байдал хүндэрсэн, дайн байлдаантай энэ цагт шатахуун таслахгүй байгаад талархаж байгаагаа хэлсэн ч Монгол Улсын нийт хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгааг онцолсон.

Шатахууны хэрэглээ сүүлийн дөрвөн жилд эрчимтэй өсчээ. Жилдээ 1.7 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол одоо 3.1 сая тонн хэрэглэдэг болсон. ОХУ-ын нутаг дэвсгэрт 218 вагон Улаанбаатарыг чиглэн явж байгаа бөгөөд энэ нь зургаан хоногийн хэрэглээтэй тэнцэнэ.

Аж ахуйн нэгжүүд вагоны дарааллыг зохиомлоор үүсгэж байна гэх яриа гарсныг дэд сайд үгүйсгэж, ийм асуудал байхгүй гэв. Энгийн АИ-92, АИ-95 бензин Сүхбаатар өртөөгөөр дамжин Толгойт, Рашаант өртөөнд буусан даруйд ачигдаж байгаа аж.

Мөн энгийн АИ-92 бензинийг Евро-5 АИ-92 гэж зарж байна гэх маргааны талаар тэрээр, Евро ангиллын болон энгийн бензин тусдаа саванд хадгалагддаг, савуудыг холих боломжгүй, холивол хүхрийн хэмжээ зөрнө гэж тайлбарлав. Ашигт малтмал, газрын тосны газар долоо хоногт хоёр өдөр түүвэрчилсэн аргаар бүх шатахуун түгээх станцаас дээж авч шинжилдэг бөгөөд шинжилгээний дүнг вэб сайтдаа нийтэлдэг. Зөрчил илэрвэл тусгай зөвшөөрөл цуцлах хүртэл арга хэмжээ авч болно. Хардлага төрөх боломжийг үгүйсгэхгүй ч хяналт шалгалтаар одоогоор зөрчил илрээгүй гэж дэд сайд мэдэгдлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen