Толгойт-Эмээлт өртөөг холбосон төмөр замын орц, гарц шийдэгдээгүйгээс оршин суугчид «арал» дээр хашигдлаа гэв

Төмөр замын галт тэрэг

Зураг (тайлбар): Улаанбаатар төмөр замын 2TE116UM зүтгүүртэй ачааны галт тэрэг (дүрслэл): Kabelleger / David Gubler / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км урт төмөр зам энэ сарын 11-нд нээгдэж, ашиглалтад орсон. Харин Толгойт-Эмээлт өртөөг холбох хэсэгт төмөр замын гарам шийдэгдээгүйгээс тухайн суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн О.Баттулга мэдэгдлээ.

Тэрбээр тухайн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд явган болон машинаар зорчих боломжгүй болж, яаралтай тусламжийн машин ч ирж чадахгүй эрсдэлтэй нөхцөл үүссэн гэж байна. Түүний хэлснээр бүтээн байгуулалт эхлэхээс өмнө нөлөөллийн бүсийн айл өрхөд мэдэгдээгүй, нэг л өдөр ажил нь эхэлсэн. Хорооны Засаг дарга нарийвчилсан үнэлгээний хурал хийх ёстой гэсэн ч хурлын товыг гаргаагүй байна. Хуулийн дагуу 30 хоногийн дотор хурлаа зарлаагүй бол саналыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, ажил үргэлжилдэг гэж тэрбээр тайлбарлав.

Иргэд, аж ахуйн нэгжүүд хамтдаа гарын үсэг зурж, есдүгээр сарын 14-нд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, хорооны Засаг дарга, Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр нарт хаяглан гомдол гаргасан аж. Гүйцэтгэгч «Монголын Төмөр Зам» компанийн инженерүүд орц, гармын асуудлыг сайдын тушаалаар шийддэг гэж хэлсэн ч Зам, тээврийн яамнаас хариу өгөөгүй гэж иргэн хэллээ. Харин нийслэлээс 2026 оны төсөвт гарам хийх төсөв байхгүй гэсэн хариу ирүүлжээ.

Түүний мэдээлснээр, урд талд нь Туул гол, хойд талд нь нэгдсэн төлөвлөлттэй замын трасс байхгүй тул өмнө нь чөлөө завсартай гудамж, тохойгоор л зорчдог байжээ. Одоо хойд талд нь дөрвөн метр өндөр төмөр замын далан босгосноор айл өрхүүд «арал» дээр хашигдсан гэж байна.

Ойр орчимд нэг эмнэлэг, улсын онцгой объектод хамаарах хоёр газар (Навигацын төв, Дотоодын цэргийн 013 дугаар ангийн буудлагын төв), 4-5 аж ахуйн нэгж, олон жил амьдарсан 20 гаруй айл байдаг аж. «22-ын авто худалдааны төв»-д автобусны эцсийн буудал байх бөгөөд оюутнууд тийшээ явган алхаж хичээлдээ явдаг тул зорчих хөдөлгөөн бүхэлдээ хаагдаж байна гэж иргэн хэллээ.

Иргэд баасан гарагт буюу аравдугаар сарын 23-ны 10:00 цагт «22-ын авто худалдааны төв»-ийн орчимд хэвлэлийн хурал хийж, үүссэн нөхцөл байдлыг танилцуулахаар болжээ. Энэ мэдээнд дурдсан зүйлс нь иргэний өөрийн мэдүүлэг бөгөөд холбогдох яам, гүйцэтгэгч компани, нийслэлийн байгууллагуудын албан ёсны тайлбарыг тусгаагүй болохыг тэмдэглэе.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen