Говийн ховор амьтдын нүүдлийн замыг таслах нүүрс тээврийн замын зөвшөөрлийг хууль бус гэж хуульч үзэж байна
![]()
Зураг (тайлбар): Говийн нутаг. Bernard Gagnon / Wikimedia Commons, CC0
“Нүүдлийн зам уу, Нүүрсний зам уу?” сэдэвт хэлэлцүүлгийг Галерей Улаанбаатарт өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосонбумбын нуруу болон Говь Гурвансайхан нутаг дахь амьтдын бэлчээр сэлгэлт, нүүдлийг таслан нүүрс тээврийн замуудын талаар ярилцсан.
Гурвантэс сумын нэгэн иргэн “Хамгийн гол нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах нь чухал. Харин дуугарсан болгоныг уул уурхайн компани шүүхэд өгдөг” гэсэн санааг илэрхийлж, нутагт нь цахилгааны шугам татагдсанаас хойш мазаалай, хавтгай, хулан үзэгдэхээ больсныг хэллээ.
Хуульч, өмгөөлөгч Д.Дашдэмбэрэл 2026 оны дөрөвдүгээр сараас “Сэкер Ресурс Монголиа”, “Алтаргана хайрхан” хоёр компанийн тусгай зориулалтын авто замтай холбогдуулан Гурвантэс сумын иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагаа танилцууллаа. Түүний мэдээлснээр замын маршрут, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 3–4 жилийн өмнө батлагдсан. “Сэкер Ресурс Монголиа”-гийн замын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 2024 оны арваннэгдүгээр сард, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хуурай талын уурхайгаас Хүрэншанд–Нарийнсухайт чиглэлийн 244 км замын зөвшөөрөл “Алтаргана хайрхан” компанид 2026 оны дөрөвдүгээр сард олгогджээ.
Хуульчийн үзэж буйгаар энэ хоёр зөвшөөрлийг Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж олгосон нь хуулийн дагуу биш. Амьтны тухай хуулийн 7.4-т нэн ховор амьтны амьдрах нутагт авто, төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Засгийн газар шийдвэрлэхээр заасан. Мазаалай баавгай, хавтгай, тахь адуу, цоохор ирвэс нэн ховор амьтанд хамаарна (7.1). Хуульчийн хэлснээр 244 км зам цоохор ирвэс, мазаалай, хавтгай, хуланы үндсэн байршил, нүүдлийн замтай шууд давхцдаг.
Хуульчийн хэлснээр зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн хүсэлтийг есдүгээр сарын 30-нд Зам, тээврийн сайдад гаргасан ч одоогоор хариу ирээгүй байна. Иймд шүүхэд хандаж, илт хууль бус захиргааны акт гэж тогтоолгох нөхцөл үүссэн гэж тэрбээр үзэж байна.
Харин энэ хоёр компани Зам, тээврийн яамтай нүүрсний замыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглах, шилжүүлэх гэрээ байгуулсан тул зөвшөөрөл олгосон гэж хуульч хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ мэдээлэлд хоёр компани болон яамны байр суурь тусгагдаагүй байна.
