Шатахууны хомсдлын шок: 150 орчим вагон орж ирж, ирэх сард 92,000 тонн захиална
![]()
Зураг (Улаанбаатар дахь шатахуун түгээх станц, жишээ зураг): Jonashtand / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны шуурхай штабын хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр ОХУ-ын төмөр зам дээр засвар гарч, хоёр хоногийн хугацаанд зогссоноос бензиний хомсдолын шок олон нийтийн дунд үүссэн, ачааллыг хиймлээр ихэсгэх тохиолдол гарч байна гэв. Монгол Улсад бензин тасарч, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй гэж тэрбээр хэлжээ.
Нөөц, нийлүүлэлт
Өчигдөр, өнөөдөр нийт 150 орчим вагон орж ирээд түгээлтээ хийж байна. Улаанбаатар хотод 264 шатахуун түгээх станц ажиллаж байгаагаас 120 орчим нь шатахууныг хэвийн олгож байгаа аж. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс энэ сарын 24, 25-нд орж ирсэн ачилт бүрэн хийгдсэн бөгөөд нийт 76 вагон автобензин зөвхөн Ангарскаас иржээ. БНХАУ-аас орж ирэх 8,000 тонн автобензиний эхний 3,000 тонн нь Эрээн, Замын-Үүд боомтоор орж ирж байна. Үүний араас 20 вагон өнөө шөнө орж ирэхээр байна.
Хэвийн үед Монгол Улс сард 70,000-75,000 тонн шатахуун хэрэглэдэг. Роснефть үйлдвэрээс энэ сард 57,000 тонн нийлүүлэх урьдчилсан мэдээ байсан бол арваннэгдүгээр сард 69,500 тонн нийлүүлэх урьдчилсан мэдээ ирж байна. Мөн БНХАУ-аас 8,000 тонн, Солонгос улсаас 12,000 тонн, Казахстанаас эхний ээлжинд 3,000 тонн орж ирэхээр захиалга баталгаажжээ. Ирэх сард нийт 92,000 тонн шатахууны захиалгыг урьдчилсан байдлаар хийсэн нь хэвийн үеийн хэрэглээтэй нийцэхээр байна гэж дэд сайд дүгнэв.
Хяналт шалгалт, хуурамч үнэмлэх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон асран хамгаалагчдад дараалалгүй бензин олгож эхэлсэн ч сүүлийн өдрүүдэд хуурамч бичиг баримт үзүүлж оочер дайрах асуудал гарсан гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх, сошиал хаягуудад зарах явдал ч байна. И-Монголиа системд иргэдийн үнэмлэх бүртгэлтэй тул аж ахуйн нэгжүүдийн санал болгосноор давхар шалгаж байна. Монополын эсрэг газраар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний газар, Ашигт малтмал, газрын тосны газрын байцаагчдаас бүрдсэн нэг ажлын хэсэг шатахуун түгээх станцуудад зохицуулалт хийж эхэллээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын систем арванхоёрдугаар сарын дундаас автоматжиж, Benzin.mn сайтын мэдээлэл нээлттэй болж, аль станцад шатахуун олгож байгаа нь харагдах боломжтой болно.
