"100 мянган айлын орон сууц" хөтөлбөр: ипотекийн зээлийг жилд 25 мянгад хүргэхээр төлөвлөжээ

Улаанбаатар хотын панорама

Зураг (тайлбар): Улаанбаатар хотын панорама. Зохиогч: Francisco Anzola / Wikimedia Commons, CC BY 2.0

Засгийн газар "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөрт жилд шийдвэрлэдэг 9 мянган ипотекийн зээлийг 25 мянгад хүргэхээр тусгажээ.

Хөтөлбөрийн төсөлд дурдсанаар нийт орон сууцны 40 мянгыг төрийн оролцоотойгоор, 60 мянгыг хувийн хэвшил хэрэгжүүлнэ. Төр барилга барихаас илүү газар, инженерийн дэд бүтцийг шийдвэрлэх үүрэгтэй. Хувийн хэвшил төлөвлөлттэй, дэд бүтцээр хангагдсан орон сууцны төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.

Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан бодлого баримтална. Түрээсийн, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн болон газар чөлөөлөлтийн хүрээнд олгох орон сууцны хувилбарыг санал болгоно. Төрийн оролцоотой баригдсан орон сууцыг зорилтот бүлгийн иргэд урьдчилгаагүй худалдан авах боломж бүрдэнэ. "Солонго 1, 2" төслийн сонгон шалгаруулалтад төр оролцохгүй бөгөөд арилжааны банкууд тогтоосон шалгуураар ил тод зохион байгуулна.

Санхүүжилтийн хувьд 2027 оноос хувийн хэвшилтэй хамтран 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж, шинээр 16 мянган өрхийг зээлд хамруулна. Эрчим хүч хэмнэсэн ногоон орон сууцны зээлийг мөн дэмжинэ. Орон нутагт ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бөгөөд 56 суманд 567 айлын төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр нь гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, иргэдийг орон сууцжуулах зорилготой юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen