Нийслэл дэх ачааны машины шалгалтад хамрагдсан 72 тээврийн хэрэгслийн гуравт л замын хуудас байжээ
![]()
Зураг (Монгол орны замд явж буй ачааны машин): Yaan / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Нийслэл хот дотор ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын үеэр 72 тээврийн хэрэгслийн гурав нь л замын хуудас авсан байсан гэж НТБГ-ын ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээллээ.
Тэрээр шалгалтыг эхлүүлсэн шалтгааныг тайлбарлахдаа том оврын ачааны машины тээвэрлэлттэй холбоотой иргэдээс ирж буй өргөдөл, гомдол болон жил бүрийн 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 15-ны хооронд авто зам хөлдөж эхэлдэг эмзэг үе таарч байгааг дурдав. Шалгалтыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газартай хамтран явуулын пүү ашиглан хийж байгаа аж.
Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд хүргэлт, түгээлт, ачааны тээврийн хэрэгслийг хязгаарлалттай оролцуулдаг. Хот дотор тээвэрлэлт хийх ачааны машинд Е, С эсвэл түр замын хуудас олгодог бөгөөд иргэн, ААН-үүд энэ зөвшөөрлийг авсны дараа тодорхой цаг, заасан маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох эрхтэй болдог.
Ц.Бямбасүрэн жолооч нарт замын хуудсаа заавал авч, замын стандартад заасан дээд хэмжээ буюу нэг тээврийн хэрэгсэлд 44 тонноос илүү ачаа ачихгүй байхыг уриаллаа. Даацыг хэтрүүлэх нь зам эвдрэх нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ.
Е, С эсвэл түр замын хуудасгүйгээр хязгаарласан бүс рүү нэвтэрвэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсгээр хариуцлага тооцно. Энэ хэсэгт хүнийг 20 нэгжтэй, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ.
