Галлагааны улирал: Нийслэлд угаарын хийн хордлого жил бүр буурч байгаа ч иргэд хяналтын ажилтныг гэртээ оруулахгүй байна

Улаанбаатарын гэр хороолол
Зураг (Улаанбаатарын гэр хороолол): Quintin Soloviev / Wikimedia Commons, CC BY 4.0

Галлагааны улирал эхэлсэн энэ үед угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн өрхийн зуухны инженер Б.Багахүү угаарын хийн эрсдэл үүссэн айл өрхөд гэрээт хяналтын ажилтан биечлэн очдог ч айлууд хаалгаа тайлахгүй, гэртээ оруулахгүй тохиолдол элбэг байгааг хэллээ.

Тус төвийн 500 гаруй ажилтан «Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв» гэсэн бичигтэй хувцас өмсөж, ажилтны үнэмлэхтэй явдаг тул иргэд хяналтын ажилтныг гэртээ оруулж, зуух, яндангийн үзлэг шалгалтыг хийлгэхийг уриалж байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар угаартсан хүний тоо буурсан байна: 2023 онд 3,184, 2024 онд 2,830, 2025 онд 2,267 хүн угаартжээ. Эдгээрээс 2023 онд 63, 2024 онд 53, 2025 онд 30 хүн амиа алдсан харамсалтай тохиолдол гарчээ.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмж: угаар мэдрэгчээ байнга ажиллуулах; галласан үедээ яндангийн хаалт, сойлтыг хаахгүй байх; бүртгэлтэй утасны дугаараа нээлттэй байлгах. Мэдрэгчийг асаасны дараа 20 секунд хүлээж, хэсэг дуугарч дохио дамжуулсны дараа асалт амжилттай болно. Дохио дуугарвал цонх, хаалгаа нээгээд бүгдээрээ гадагш гарч, мэдрэгчийг унтрааж, дахин асаагаад 10 секунд хүлээнэ. Хий арилаагүй бол дахин дуугарна.

Гэр эзгүй үед мэдрэгчийн дохио дуугарвал холбогдох дугаар руу оператор холбогддог тул утасны дугаар солигдсон бол 70119410 дугаарт холбогдон мэдээллээ шинэчлэх хэрэгтэй. «Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв» ОНӨААТҮГ 2025 оноос 574 ажилтантайгаар ажиллаж байгаа бөгөөд энэ онд нийслэлийн төсвөөс 8.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардал зарцуулахаар тусгагджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen