Хотын дарга Б.Пүрэвдагва: Нөөцтэй байж хиймэл оочер үүсгэсэн шатахуун түгээх станцын зөвшөөрлийг цуцална

Улаанбаатар дахь автомашины ачаалал, жишээ зураг

Зураг (Улаанбаатар дахь автомашины ачаалал, жишээ зураг): Mongolia Expeditions / Wikimedia Commons, CC BY 3.0

Улаанбаатарт шатахууны оочер, автобусны хүлээгдэл, замын түгжрэл иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагууд шийдлээ танилцууллаа.

Хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдрийн байдлаар Улаанбаатарт дизелийн түлш хангалттай хэмжээнд байгаа гэсэн мэдээлэл ирснийг хэлэв. АИ-92, АИ-95 бензин ч орж ирж байгаа гэнэ. Тэрбээр нөөцтэй станцууд бүх хошуугаараа түгээх, нөөцгүй бол иргэдэд нээлттэй мэдээлж, хиймэл оочер үүсгэхгүй байх шаардлагатайг дурдсан. Тээврийн хэрэгслүүд замын 1, 2 дугаар эгнээнд шатахуунд оочерлосноос замын хөдөлгөөн түгжирч, автобус ирэхгүй, иргэд удаан хүлээж бухимдаж байгааг тэрбээр онцолжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд байгуулагдсан шатахууны шуурхай штабт нийслэлээс төлөөлөл орж, хамтран зохицуулалт хийж байна. Мөн энэ сарын 29-нөөс эхлэн улсын байцаагчийн үнэмлэхтэй багийн бүрэлдэхүүнтэй хяналтын ажлын хэсэг ажиллаж, Улаанбаатарт байгаа 264 шатахуун түгээх станцад хяналт тавина.

Хотын дарга шатахууны бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан төр, нийслэлтэй хамтран шатахуунаа зохистойгоор түгээхийг уриалав. Нөөцтэй байж нөөцгүй мэт харагдуулах, нэг хошуугаар олгож зохиомол оочер үүсгэх тохиолдол илэрвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монополийн эсрэг газартай хамтран тусгай зөвшөөрлийг, мөн нийслэлээс станцын газрыг цуцлахаа тэрбээр анхааруулсан. Зохиомол, санаатай үйлдэл гаргавал захиргааны арга хэмжээ авах эрхтэйг шатахуун импортлогч хувийн компаниудад сануулж, төр бензинтэй байж байгаад өгөхгүй байгаа биш гэдгийг тодотгожээ. Мөн иргэдээс хүлцэл өчсөн байна.

Өмнө нь 10 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагийн орчим хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсч, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл буурч, зарим хэсэгт хөдөлгөөн бүрэн зогссон байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen