Монгол, Оросын дипломат харилцаанд 105 жил: хоёр хөршийн харилцааг тоон дээр харвал

Трансмонголын төмөр замын галт тэрэг

Зураг (Трансмонголын төмөр замын галт тэрэг. Жишээ зураг): John Pannell / Wikimedia Commons, CC BY 2.0

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан "Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд Мягмар гарагт зохион байгуулахаар товлосон байв.

Хоёр хөршийн харилцааны өнөөгийн хэмжээсийг сүүлийн өдрүүдийн мэдээллээс харж болно. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлснээр ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрээс 10 дугаар сард захиалсан 57,000 тонн шатахууны 51,000 тонн нь ачигдаж, 5,700 тонн нь замдаа яваа. 11 дүгээр сард ОХУ-аас захиалах шатахууны хэмжээг 70,000 тонн болгож нэмсэн бөгөөд Казахстан, Хятад, Солонгосоос захиалсныг нэмбэл нийт захиалга 92,000 тонн болжээ.

Шингэрүүлсэн шатдаг хийг ОХУ-аас тонн нь 400-500 ам.доллароор авч байсан бол одоо нийлүүлэгчийн үнэ 800 орчим ам.доллар болсон гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын дарга Ч.Хишигдалай мэдээллээ.

Худалдааны салбарт Оросын "Fix Price" сүлжээ 2023 онд Монголд анхны дэлгүүрээ нээсэн ч "Ведомости" сонины мэдээлснээр есдүгээр сарын эцэс гэхэд гурван салбараа бүгдийг нь хааж, Монголын зах зээлээс бүрмөсөн гарсан байна. Харин Казахстаны хил дээр урт дараалал үүссэний улмаас Оросын тээвэрлэгчид Монголоор дайрсан замыг сонгох болсон тухай мэдээлэл ч гарсан.

Шатахуун, худалдаа, тээвэр, логистикийн асуудал өдөр тутмын сэдэв болоод буй энэ үед хоёр орны харилцааны түүх, орчин үе, хэтийн төлвийг эрдэмтэн судлаачид хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen