С.Наранцогт: Албан ханш тогтвортой, «Найман шарга» дээр спекуляц гарсан
![]()
Зураг (жишээ зураг: Монгол төгрөгийн мөнгөн дэвсгэрт): Cnanie / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Валютын ханш өссөн талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарч, иргэдийн анхаарлыг татсан. Гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ байгаа ч төгрөгийн ханш суларч байна гэх энэ мэдээллийн талаар Монголбанкны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч тодруулсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт «Баярын эсвэл амралтын өдрийг тааруулж бидний хэлдгээр «Найман шарга» дээр үе үе спекуляц маягийн зүйл болоод байгаа. Монголбанкны албан ханш тогтвортой байна. Бид долоо хоног бүр банкнуудаас ирж буй хүсэлтийг 100 хувь биелүүлдэг» гэж хэлжээ.
Тэрбээр шатахууны импортын төлбөр нэмэгдэж байгаа ч ямар нэгэн хязгаарлалтгүй төлж байгаа, валютын нөөц түүхэн өндөр түвшинд байгаа нь ханшийг тогтвортой байлгах суурь болж байна гэсэн. Ерөнхийлөгч «Ханш нэмэгдээд байгаа тухай мэдээлэл өчигдөр нэлээд явлаа. Тийм юм байхгүй. Ганц нэг банк бус байгууллага «Найман шарга»-ын авч өгөх ханшаа өндөрсгөж, спекуляц хийсэн. Үүнд тодорхой арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Тухайн байгууллага нь удаа дараа ингэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Ханш өссөн мэт буруу мэдээлэл гаргаж болохгүй» гэв.
Гадаад валютын албан нөөцөд байгаа 8.9 тэрбум ам.долларын 1.7 тэрбум ам.доллар нь Ирээдүйн өв сангийнх гэж С.Наранцогт хэллээ. «Албан ханш хөдлөхгүй байна гэдэг нь ханш тогтвортой байгаа гэсэн үг. Мөн банкнуудаас ирсэн хүсэлтийг бүрэн биелүүлж байна. Өмнө нь хүндрэлтэй үед хязгаар тогтоож, түүнээс улбаалан ханш хөдөлдөг байсан. Одоогоор тийм зүйл огт байхгүй» гэжээ.
Монголбанкнаас зарласан валютын ханшаар нэг ам.доллар 3,598.99 төгрөгтэй тэнцэж байна.
