Азийн V пара наадамд Монголын тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт тогтоолоо

Нагоя хотын Нагоя Дом

Зураг (Нагоя хотын Нагоя Дом. Жишээ зураг): Gnsin / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Япон Улсын Айчи мужийн орчим болон Нагоя хотод болсон Азийн V пара наадамд Монгол Улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн медалийн чансаагаар 14 дүгээр байр эзэллээ.

Монгол Улс өмнө нь Азийн наадмаас хамгийн ихдээ 11 медаль хүртэж байсан ч нэг наадамд хоёроос илүү алтан медаль авч байгаагүй юм. Энэ удаад пауэрлифтингийн төрлөөр Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, таеквондогийн төрлөөр Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдоч Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн.

Мөнгөн медалийг пара жүдогийн Т.Сувд-Эрдэнэ, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн Г.Ган-Эрдэнэ, зээрэнцэг шидэлтийн Ц.Доржзодов, байт харвааны Д.Сэлэнгээ нар, хүрэл медалийг таеквондогийн Х.Темирбек болон байт харвааны эмэгтэй хос төрлийн тамирчид авчээ.

Нийт 1,538 медалийн төлөө тамирчид өрсөлдөж, 33 улс ямар нэгэн медаль авсан бөгөөд 22 улс дор хаяж нэг алт хүртсэн. Медалийн чансаанд БНХАУ 207 алт, 117 мөнгө, 111 хүрэл буюу нийт 435 медальтайгаар илт тэргүүлжээ. Тамирчид дэлхийн рекордыг 27 удаа шинэчилсэн бөгөөд Ази тивийн дээд амжилтыг 81, Азийн пара наадмын амжилтыг 306 удаа эвдсэн байна.

Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нар аваргаа бататгаснаар Азийн пара наадмын анхны хошой аваргууд боллоо. Э.Содномпилжээ Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгөн медальтай болсон. 18 настай Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг түлхэлтэд 10.30 метрийн хувийн дээд амжилт тогтоон мөнгө хүртэж, медальтнуудын хамгийн залуу нь боллоо. Мөн Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар пара байт харвааны эмэгтэй хос төрөлд хүрэл авснаар монголчууд энэ төрөлд анхны медалиа хүртсэн юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen