Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна

Улаанбаатар хотын гэр хороолол

Зураг (гэр хороолол, Улаанбаатар): Nathalie Daoust / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

«Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам» үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3–4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Форумд Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзаж, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж байна. Эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбар, төрийн болон орон нутгийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Монгол Улсад айл өрхийн түвшинд цэвэр түлшинд шилжих үйл явцыг эрчимжүүлэх уриалга дэвшүүлж, оролцогч талууд хамтын зорилго, үүрэг амлалтаа бататгажээ.

Мэдээллээр, нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Тиймээс эхний ээлжинд эдгээр өрхийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн байна.

Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7–10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай, батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нүүрс-пиролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж байна. Энэ үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэхээр тооцоолжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen