«Мал мах-2026» арга хэмжээнд мал хулгайлах 12 хэрэг илэрч, 71 бод мал эзэндээ буцлаа

Монголын адуу ба малчид

Зураг (жишээ зураг: Монгол адуу, малчид): Jeanne Menj / Wikimedia Commons, CC BY 2.0

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд «Мал мах-2026» хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хот, суурин газрын 63, хөдөлгөөнт 75, нийт 138 хяналтын постод 273 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн байна. Мөн иргэдээс мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 86 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 12 хэргийг илрүүлж, хулгайлагдсан 71 бод малыг хохирогчдод буцаан олгосон байна.

Завхан аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий гурван иргэн урьдчилан үгсэн тохиролцож, хоёр азаргад хамаарах нийт 57 адууг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ. Хөвсгөл аймагт нэр бүхий хоёр иргэн 35 сарлагийн үхэр хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн мэдээлснээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгчид гол төлөв 18–55 насны, тодорхой ажилгүй болон туслах малчнаар ажилладаг хүмүүс байдаг. Тэд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна. Малыг бэлчээрээс туун тээврийн хэрэгсэлд ачих, эсхүл бэлчээр дээр нь нядлах аргыг ашигладаг. Малчид малаа удаан хугацаагаар хариулгагүй орхих, малын бүртгэл, тэмдэглэгээ, хараа хяналтаа сулруулах нь ийм гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Цагдаа нар малчдад малаа байнгын хариулга, хараа хяналттай байлгах, малынхаа им, тамга, зүс, нас, хүйс болон бусад онцлог шинжийг бүртгэж зурагжуулах, худалдах, шилжүүлэх, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох баримт бичгийг бүрдүүлэхийг зөвлөжээ. Сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр завдсан талаарх мэдээллийг цагдаагийн 102 тусгай дугаарт мэдэгдэхийг хүсчээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулна. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэж үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, машин механизм ашигласан, ноцтой хохирол учруулсан бол 2–8 жил хорих ял, харин мал хулгайлахыг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5–12 жил хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Цаашид гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтэд тавих хяналтыг чангатгаж, хяналтын цэгийн тоог нэмэгдүүлэх, зах, худалдааны төвүүдэд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen