Казахстаны хилийн шалгалт чангарснаар Оросын тээвэрлэгчид Монголоор дайрах замыг сонгож байна
![]()
Зураг (Казахстан, Оросын хилийн нэгэн боомт, архивын зураг): Zac allan / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Казахстан хилийн хяналт шалгалтаа чангатгасан нь тус улсаар дамжин Орос руу явдаг ачаа тээврийг эрс удаашруулж, импортлогчид өөр маршрутыг сонгоход хүргэж байна. Тээвэр зуучийн салбарынхны хэлж буйгаар Оросын тээвэрлэгчид Монголоор дайрсан замыг сонгох болжээ.
Хамгийн их хохирол амсаж буй нь жижиг хэмжээний импортлогч, жижиглэн худалдаа эрхлэгчид, ялангуяа нэг ачааны машиныг бусадтай хуваалцдаг хүмүүс. Есдүгээр сард Хятадаас гарсан гурван ачаагаа хүлээж буй автомашины сэлбэгийн худалдаачин сүүлийн хоёр сарын ачаа тээвэр «сугалаа шиг аз сорьсон зүйл боллоо» гэж ярьжээ. Өмнө нь тээвэрлэлт нийтдээ 20 орчим хоног үргэлжилдэг байсан бол одоо зөвхөн Казахстаны хил дээр дунджаар 20 хоног хүлээх болсныг бусад импортлогчид мэдээлжээ.
Тээвэр зуучийн компанийн ажилтны хэлснээр Казахстаны гаалийн ажилтнууд өнгөрсөн зуннаас Хятад, Киргизийн боомтууд дээрх хяналт шалгалтаа эрчимжүүлсэн. Тэд электрон бараа, машин механизм, автомашины бүтээгдэхүүн, дрон, мөн онцгой хямд үнээр мэдүүлсэн барааны тээвэрлэлтийг илүү нарийн шалгах болсон. Нэг мэргэжилтэн үүнийг Өрнөдийн хоригоос болгоомжилсон, давхар зориулалттай цахилгаан бараа үйлдвэрлэдэг Хятадын компаниуд Орос руу шууд бүтээгдэхүүн илгээхийг хүсэхгүй байгаа учраас тээвэрлэгчид хуурамч мэдүүлэг бүрдүүлж Киргизстаны нутгаар дамжуулах болсонтой холбон тайлбарлажээ.
Үүний улмаас аравдугаар сарын 28-30-ны хооронд хэд хэдэн тээвэрлэгч Казахстан, Киргизстаны нутгаар ачааны машин явуулахаа зогсоосон байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс дамнасан тээвэрлэлтээс их хэмжээний орлого алдаж буйг шүүмжилж, чиглэл өгсний дагуу тус улсын тээврийн яам том оврын болон хүнд даацын тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж байгаагаа аравдугаар сарын 30-нд зарласан. Орос, Беларусийг чиглэсэн бараг бүх ачааны машин жин хэмжилтийн нэмэлт шалгалтад хамрагдах болжээ.
Ложистикийн компаниуд Орос руу шууд, эсвэл Монголоор дамжин өнгөрөх замыг, мөн Алс Дорнодын боомтоор тээвэрлэхийг зөвлөх болсон байна. Аравдугаар сарын байдлаар нэг ачааны автомашины Казахстанаар дамжин өнгөрөх зардал 12-13 мянган ам.доллар байсан бол Орос руу шууд тээвэрлэх зардал үүнээс 10-15 хувиар өндөр гэж мэдээлжээ.
