Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ: эрэгтэйчүүд IX, эмэгтэйчүүд VII байр эзэллээ

Зураг (Чөлөөт бөхийн тэмцээний жишээ зураг): U.S. Army / Wikimedia Commons, CC BY 2.0

Казахстаны Астана хотноо болсон чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өндөрлөлөө. Монголын шигшээ баг гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр эрэгтэйчүүд IX, эмэгтэйчүүд VII байр эзэллээ.

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа, 76 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан нар хүрэл медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 79 кг-ын жинд Олонбаярын Сүлдхүү нар медалийн төлөө өрсөлдсөн бол эмэгтэйчүүдээс Батхуягийн Хулан, 65 кг-ын жинд Түвшинжаргалын Энхжин, 68 кг-ын жинд Энхсайханы Дэлгэрмаа нар V байр эзэллээ. Эмэгтэйчүүд багийн дүнгээр 74 оноо авсан бол эрэгтэйчүүд 35 оноотой байна.

Багийн дүнгээр АНУ-ын баг чөлөөт бөхийн төрөлд илт давуу байдлаар тэргүүлэв. Эрэгтэй чөлөөт бөхийн 10 жингийн тавд нь түрүүлсэн «Сэм авга»-ийн бөхчүүд 194 оноо авсан. Харин АНУ-ын эмэгтэйчүүд 1999 оноос хойш анх удаа багийн дүнгээр тэргүүлж, 2013 оноос хойш багийн дүнгээр түрүүлсэн Японы багийг ардаа орууллаа. Сонгомол бөхөд Иран сүүлийн хоёр жил дараалан багийн дүнгээр тэргүүлжээ.

Ирэх олимпоо өөрсдийн нутагт зохион байгуулахаар бэлдэж буй америкчууд нийт долоон алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн. Иран зургаан алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, ОХУ дөрвөн алт, гурван мөнгө, долоон хүрэл, Япон гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, БНХАУ гурван алт, гурван хүрэл, Азербайжан хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл авчээ. Энэтхэг, Армени, Украин, Беларусь, Болгар тус бүр нэг алтан медаль хүртсэн бөгөөд нийт 27 улс ямар нэгэн медаль авлаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen