З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Бурмаагийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээрх гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:
- шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
- хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
- эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.