Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15-аас дээш хувьтай цүнх үүрдэг гэсэн судалгаа гарлаа

Зураг (тайлбар): Улаанбаатар дахь сургуулийн үүдний танхим (жишээ зураг). Зохиогч: Nemuun / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэн «Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026»-г хийж, хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Судалгааны гол зорилго нь 2027 онд багтаан улс даяар мөрдөх сурагчийн цүнхний стандартыг баталгаажуулахад суурь мэдээлэл өгөх явдал юм.

Судалгаанд улс, хувийн, хотын төв болон захын гэсэн төлөөллийг багтаасан нийт зургаан сургуулийн 1,219 сурагч оролцжээ. Хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа дараах үр дүнг онцолсон. Оролцогчдын 78 хувь нь цүнх хүнд гэж хариулсан бол 88 хувь нь локер хэрэгтэй, 82 хувь нь хичээлийн хуваарийг зохистой болгох шаардлагатай гэжээ.

Цүнхний ачааллын 40-60 хувийг сурах бичиг эзэлж байна. Олон улсын туршлагаар жилийн агуулгыг нэг боть ном болгон хэвлэх бол сурагч сургууль дээрээ байнгын локертой байдаг. Монголд ангид локер байгаа ч өөр ангитай хуваалцан ашигладаг тул цүнхний жинг бууруулах бодит шийдэл болж чадахгүй байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр цүнхний жин нь биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл судалгаанд хамрагдсан бага ангийнхны 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15-аас дээш хувьтай цүнх үүрдэг болох нь тогтоогджээ. Я.Шийлэгмаа бага ангийнхныг шоолж «цүнх баригчтай дарга нар» гэдэг гэж хэлээд, үнэхээр л өөрсдөө үүрээд дийлэхгүй хэмжээний хүнд цүнх байна гэж үзлээ.

Бага ангийнхны цүнх хүнд байгаагийн нэг шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдэдээ гоё хэлбэр дүрстэй үзэг, усны сав, үлгэрийн баатруудтай гоёл ихтэй цүнх авч өгдөг явдал гэж судлаачид үзжээ. Ийм цүнх дангаараа 2 кг хүрдэг тохиолдол бий. Мөн Баасан, Даваа гарагт цүнхний жин харьцангуй өндөр байдаг нь хүүхдүүд өвөө, эмээгийндээ очих, заал авах зэрэгтэй холбоотой, тэр өдрүүдэд хичээлийн тоо ч илүү байдагтай уялдаж байна.

Судалгаа нь хүүхдийн суралцах хүсэл эрмэлзэлд хэт ачаалал сөргөөр нөлөөлдөг гэдгийг сануулж, суралцагч төвтэй сургалт ямар түвшинд явж буйг харуулах үзүүлэлт гэж үнэлжээ. Тиймээс цүнхний стандарт батлахаас гадна ном сурах бичгийг хөнгөвчлөх, локерийг хүүхэд бүрт хүрэлцээтэй болгох, хичээлийн хуваарийг зөв зохицуулах гурван чиглэлд зэрэг ажиллах шаардлага байгааг судлаачид хэлж байна. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ цүнхийг долоо хоногт нэг удаа жинлэж, шаардлагагүй зүйлийг гаргаж байх нь энгийн боловч үр дүнтэй арга болно.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen