Ерөнхий сайд: 2027 онд 16 мянган айлыг ипотекийн 6 хувийн зээлээр орон сууцанд оруулна

Зураг (тайлбар): Улаанбаатарын Ярмаг дахь шинэ барилгууд: Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” хөтөлбөр албан ёсоор эхэлснийг мэдэгдэв.

Барилгын төлөвлөгөөг тэрбээр ингэж танилцууллаа. Одоогоор “Сэлбэ”, “Шархад”, “Солонго I, II” хороолол зэрэг төрийн мэдлийн 3,572 айлын орон сууц баригдаж байна. 2027 онд 8,238, 2028 онд 11,246 айлын орон сууц нэмэгдэж, 2030 онд төрийн мэдлийн 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орох бөгөөд 2030 он гэхэд нийт 82,000 гаруй айлын орон сууц баригдана.

Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө байрыг жишээ болгоход дөрвөн сонголт бий:

  • Түрээс: сард 700,000 төгрөг.
  • Түрээслээд өмчлөх: түрээст 700,000, өмчлөлдөө 720,000 буюу нийт сард 1,420,000 төгрөг.
  • Түрээслээд өмчлөх ба ипотек: 30 хувийн урьдчилгаа цуглуулахгүй, түрээсийн төлбөр дээр нэмж сар бүр 860,000 төгрөгийг таван жил төлж урьдчилгаагаа бүрдүүлнэ.
  • Хамтын өмчлөл: орон сууцны гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө. 50 хувийг түрээс эсвэл түрээслээд өмчлөхөд тооцож, үлдсэн 50 хувьд зээл авна. Ингэснээр урьдчилгааны босго хоёр дахин намсаж, зээл, хүүгийн төлбөр тал хувиар багасна.

Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх хамрагдана. Тэдний газрыг үнэлж, төлбөрт нь тооцно.

Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээл олгоно. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулсан. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулах бол 21,000 айлд эхний гурван жил зургаан хувь, үлдсэн 17 жил 12 хувийн зээлийн сонголт байна. Хотын бүс, байршлаас хамаарч хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон тул хүү, нөхцөл өөр өөр байхаар төлөвлөжээ. 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулах бөгөөд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen