Оюу Толгойн ₮3 их наяд ногдол ашгийг хэрхэн зарцуулах вэ: иргэд аравдугаар сарын 28 хүртэл санал өгнө

Оюу Толгойн зэс, алтны уурхай

Зураг (Оюу Толгойн зэс, алтны уурхай, Өмнөговь): Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain

Засгийн газар 2027 онд “Оюу Толгой” ХХК-аас авах ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг нээлттэй санал асуулгаар авч эхэллээ. Засгийн газрын ээлжит хуралдаан аравдугаар сарын 14-нд энэ талаар шийдвэр гаргасан бөгөөд санал асуулга тэр өдрийн 09 цагт эхэлж, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэд “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем” буюу e-Mongolia, и-засаг цахим системээр саналаа өгнө.

Ерөнхий сайд Н.Учрал иргэдэд хандсан үгэндээ ирэх онд Оюу Толгойн ордоос ₮3 их наяд төгрөгийн ногдол ашиг авах бөгөөд үүнийг нэг удаа биш жил бүр авна гэж мэдэгдсэн. Мөн олсон мөнгөө нэг дор үрвэл үнийн өсөлт огцом нэмэгдэж, төгрөгийн ханш, цалин, тэтгэврийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолсон байна.

Засгийн газрын санал болгож буй чиглэлүүд

  • ₮1 их наяд — Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэдийн хуримтлалын санд. Иргэд хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зориулах боломжтой болно гэж тайлбарлажээ.
  • ₮789.7 тэрбум — 300 МВт хүчин чадалтай шинэ VI дулааны цахилгаан станц барих, одоо байгаа цахилгаан станцуудыг засварлаж, шинэчлэх.
  • ₮82.2 тэрбум — импортыг орлох хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эд, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр.
  • ₮257 тэрбум — хөдөөгийн зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль, 300 ортой 15 дотуур байр барих.
  • ₮315.7 тэрбум — ерөнхий боловсролын 100 сургуулийг эрчим хүчний хэмнэлттэй, уурын зуухгүй болгох.
  • ₮170.8 тэрбум — Арцсуурь, Хавирга, Ханги боомтын хүчин чадал, экспортын гарцыг нэмэгдүүлэх.

Дээр дурдсан дүнг нэмбэл ойролцоогоор ₮2.6 их наяд болно. Үлдэх хэсгийг хаана зарцуулах талаар Засгийн газрын мэдээлэлд тодорхой дурдаагүй байна.

Ерөнхий сайдын хэлснээр санал асуулгын үр дүнг УИХ-ын Ажлын хэсэгт уламжилна. Эдгээр төсөл, арга хэмжээ 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгагдсан тул төсвийг эцэслэн батлах эрх УИХ-д байна. Одоогоор энэ нь Засгийн газрын танилцуулсан санал бөгөөд санал асуулгын дүн, УИХ-ын хэлэлцүүлгээр өөрчлөгдөх боломжтой.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen