Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг солих шийдвэр гарчээ

Зураг (Улаанбаатар хотын панорам)

Зураг (Улаанбаатар хотын панорам): Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсээс тодруулснаар Монгол Ардын Намын нийслэлийн хорооны Удирдах Зөвлөлөөс бүтцийн шийдвэр гаргаснаар хоёр дүүргийн Засаг даргыг сольжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар «Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв» НӨҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар «Улаанбаатар орон сууцжуулалт» ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох шийдвэр гаргасан байна. Өмнөх Засаг дарга Ц.Баттөр, Н.Мандуул нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын вэбсайтад байршсан танилцуулгаар Д.Ундармаа УБИС-ийн Ерөнхий боловсролын сургуулийн багшийн бакалавр, Удирдлагын академийн нийгмийн удирдлагын менежерийн магистрын зэрэгтэй. Тэрбээр 76 дугаар сургуульд багшилж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга (1999–2001, 2008–2018 онд), Засаг даргын орлогч (2018–2021, 2022–2024 онд), Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байжээ. 2024 оноос НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.

З.Төмөртөмөө Соёл урлагийн их сургуульд соёл урлагийн удирдлагаар бакалавр, Сан дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр «Их монгол» радио (2006–2009), «Royal TV» телевиз (2012–2013), «Zaluu.com» сайт (2013–2015)-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх, 2021–2023 онд Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. 2024 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Нийслэлийн МАН-ын хороо энэ сарын 7-нд хуралдаж, шинэ даргаа томилохоор товложээ. Одоогийн байдлаар тус намын хорооны дарга нь Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар хэвээр байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen