Benzin.mn сайтад шатахуун түгээх станцуудын камерыг холбоно

Шатахуун түгээх колонк

Зураг (тайлбар): Шатахуун түгээх станцын колонк (дүрслэл): Marnie172 / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Өөрт хамгийн ойр, бензин өгч байгаа шатахуун түгээх станцуудыг эрэмбэлж харуулахад ашиглах зориулалттай Benzin.mn сайт ажиллаж эхэлсэнээс хоёр сар болж буй бөгөөд хөгжүүлэлт нь одоо ч үргэлжилж байгааг Шатахууны шуурхай штаб мэдээллээ.

Одоогийн байдлаар замын хөдөлгөөний ачааллыг харуулсан камеруудыг холбосон байгаа бөгөөд цаашид аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцуудын камерыг холбох юм байна. Иргэдэд бодит мэдээлэл хүргэх чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэж штабынхан хэлжээ.

Үнийн талаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнийг урьдчилж таамаглахад хэцүү байгаа ч арваннэгдүгээр сард яг одоогийн байдлаар үнэ өсөх төлөвгүй байна гэж мэдээллээ.

Нийлүүлэлтийн талаар тэрбээр, гуравдугаар улсуудаас тодорхой хэмжээний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа бөгөөд Солонгос тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэн гэж хэлжээ. Гэвч гуравдугаар орнуудаас авсан ч хоёр хөршийн дэд бүтэцийг ашиглах тул тээврийн зардал нэмэгдэх, тухайн улсуудад агуулах сав түрээслэх, ААН-үүдтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ асар өндөр байгаа энэ үед тээвэрлэлтийн зардлыг нэмж төлбөл борлуулах бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө гэж албан тушаалтан хэлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen