Тусгай замын автобус (BRT)-ын зураг төслийн зөвлөхийн тендерийн хоёрдугаар шатыг 10 дугаар сарын 26-нд нээнэ
![]()
Зураг (тайлбар): Тусгай замын автобусны буудал (Истанбул, жишээ зураг): Hamdigumus / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх төслүүдийн явцыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ танилцууллаа.
“Тусгай замын автобус BRT” төслийн зураг төсөл (DED) болон үйл ажиллагааны төлөвлөлт (DOD)-ийн зөвлөх үйлчилгээний тендерийн хоёрдугаар шатыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нээж, техникийн болон үнийн саналыг үнэлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Оролцох сонирхлыг олон улсад нээлттэй зарлаж, материалыг 6 дугаар сарын 10 хүртэл хүлээн авахад DED-ийн тендерт 23, DOD-ийн тендерт 13 оролцогч материалаа ирүүлсэн. Үнэлгээний хороод тендер бүрд зургаан оролцогч, нийт 12 оролцогчийг богино жагсаалтад шалгаруулсан байна.
Төслийн удирдагчид цаашид хэрэгжилтийг хангахын тулд эрчим хүчний инженерүүдийн оролцоог нэмэгдүүлж, шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодотголоо.
BRT-ийг Ард Аюушийн өргөн чөлөө, Их тойруу, Намьянжүгийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний чиглэлд нийт 12.9 километр урттай, 19 буудалтай явуулахаар төлөвлөөд байна. Төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа аж.
“Улаанбаатар трамвай” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дууссан бөгөөд дараагийн ажил болох газар чөлөөлөлтийг шуурхайлах гарц шийдлийг гаргажээ. Нэгдүгээр шугамыг (Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл) Оросын компани барих санал илэрхийлсэн. Хоёрдугаар шугамыг нийслэлийн төсвөөр санхүүжүүлэхээр болсон. Нэгдүгээр шугамын төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамынх 1.5 их наяд буюу нийт 2.7 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд нийслэлийн төсвөөс 325 тэрбум төгрөг санхүүжүүлнэ.
Мөн BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ боловсруулах суурь судалгаа эхэлсэн. Энэ нь батарейгаар ажилладаг, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчдог тээврийн хэрэгсэл юм.
