Бооцооны сайтын агент байж болзошгүй 89 иргэнийг шалгаж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
![]()
Зураг (тайлбар): Компьютерийн гар (жишээ зураг): Colin / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлын талаарх мэдээллийг сонсжээ. Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр шийдвэрийг танилцуулах үеэр дараах мэдээллийг өглөө.
УИХ 2025 оны тавдугаар сард Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон. Мөн Эрүүгийн хуульд “төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах”, “мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцжээ. Цахим орчинд ийм гэмт хэрэг “аппликэйшн”, “сайт”, “цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлаа эрчимжүүлж, 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлсэн. Арилжааны банкны 1,422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилсан байна. Мөн дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалтад хамруулж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Харилцаа холбооны зохицуулах хороонд 1,015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ. 2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар хороонд хүргүүлснээс 1,221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1,305 буюу 51.7 хувь нь хүлээлгийн горимд байна.
Хурандаа иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
