Шатахууны үнэ литр тутамд 500–550 төгрөгөөр нэмэгдлээ: ШТС-ын дарааллыг удахгүй онлайнаар харна

Шатахуун түгээх станц

Зураг (жишээ): Улаанбаатар дахь шатахуун түгээх станц. Jonashtand / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Шатахуун түгээх станцууд хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны үнийг нэмлээ. Литр тутамд 500–550 орчим төгрөгөөр өссөн нь жолооч нарын халаасанд мэдэгдэхүйц нөлөөлөх нь ойлгомжтой.

Яагаад үнэ өсөв?

Шатахууны асуудлаар байгуулсан Шуурхай штабын тайлбарласнаар Оросоос авч буй шатахууны үнэ энэ сард өмнөх сараасаа тонн тутамд 190 ам.доллароор өссөн. Монголын импортлогчид Оросоос шатахуунаа Санкт-Петербургийн биржийн сарын дундаж ханшаар авдаг бөгөөд энэ сард нэг тонныг 1,063 ам.доллароор худалдан авч байгаа аж.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирын хэлснээр нэг тонн шатахуун 1,250 литр болдог. Үүн дээр компаниудын үйл ажиллагааны зардал, НӨАТ нэмэгдэхээр литр тутмын үнэ 500–550 төгрөгөөр өсч байгаа юм. Орос–Украины дайны улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, үнэ өсөхийн зэрэгцээ нийлүүлэлт ч багассан гэж тэрбээр тайлбарлав.

Нийлүүлэлт хангалттай юу?

Аравдугаар сард АИ-92, АИ-95 шатахуун нийт 78 мянган тонныг авахаар гэрээлжээ. Шуурхай штабын өмнө хэлснээр энэ нь улсын нэг сарын хэрэглээг хангах хэмжээ. Одоогоор АИ-92-ын 14 хоногийн, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байна.

Гэвч 11, 12 дугаар сард орж ирэх нийлүүлэлт багасах төлөвтэй тул Хятад, Сингапур, Малайз, Өмнөд Солонгостой шатахуун авах хэлэлцээ ид явагдаж байгаа аж.

Дарааллаа гэрээсээ шалгана

ШТС-ын гадаах дараалал одоо ч багасахгүй байгаа нь нууц биш. Иймд энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд нийслэлийн 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийг бодит цагаар харуулж эхлэх юм. benzin.mn аппликэйшн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камеруудтай холбогдсон тул аль станц дээр дараалал үүссэнийг ч харах боломжтой болно.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газар улсын хэмжээнд шатахууны үлдэгдлийг хянах агуулахын системийг 12 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. Ингэснээр хиймэл хомсдол, зохиомол дараалал үүсгэх явдлыг таслан зогсооно гэж үзэж байна.

Үнэ өссөн ч дараалал үргэлжилсээр байгаа нь хэрэглэгчдэд давхар дарамт. Тиймээс онлайн мэдээлэл хэр хурдан, үнэн зөв ажиллахаас олон зүйл шалтгаална.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen