Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл 93 хувьд хүрч, солонгос автобуснуудад нэмэлт халаагуур тавьж байна

Улаанбаатарын автобус

Зураг (тайлбар): Улаанбаатарын Сансар орчмын автобусууд (дүрслэл): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьд хүрлээ. Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын (НТБГ) автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол мэдээлэв.

Тэрбээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 ААН-д аравдугаар сарын 5-13-ны хооронд өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан гэжээ. НТБГ-ын 7 ажилтан нийслэлийн онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын байцаагч нартай хамтран нэг автобусанд 18 үзүүлэлтээр шалгалт хийсэн байна.

Өнгөрсөн өвлийн улиралд Yutong загварын автобусны халаалт сайн байсан тул гомдол ирээгүй. Харин солонгос автобус явдаг чиглэлийн иргэдээс «хүйтэн байна» гэсэн гомдол их ирсэн тул энэ жил эдгээр автобусны паарны ажиллагааг илүү нарийвчлан шалгажээ. Хувийн байгууллагууд солонгос автобуснуудад нэмэлт халаагуур тавьж, өвөлдөө бэлдэж байгаа аж.

Тухайлбал «Эрдэм транс» компани 70 гаруй солонгос автобусыг үйлчилгээнд явуулдаг. Үүнээс 30 автобусанд нэмэлт халаагуур суурилуулж, паарны үлээлтийг сайжруулсан байна. Үлдсэн 40 автобусанд хүйтний улирал эхлэхээс өмнө нэмэлт халаагуурыг суурилуулахаар ажиллаж байгаагаа тус компани мэдэгдсэн гэнэ.

Шалгалтын явцад ААН-үүдийн дутагдал, зөрчлийг тухай бүрд нь сануулж, хэвийн болгуулсан гэж Б.Бэхбол хэлсэн. Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай байгаа нь үлдсэн 7 орчим хувийн ажил үргэлжилж байна гэсэн үг юм.

Албаныхан нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна гэж мэдээлдэг. Тоо нь олон хэдий ч өглөө, оройн ачааллын цагаар иргэд автобус хүлээж, ирсэн автобусанд чихэлдэн суудаг байдал өөрчлөгдөхгүй байгаад бухимдсаар байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen