ОХУ-ын уран гулгалтын тамирчид Мөсөн ордонд үзүүлэх тоглолт хийнэ
2022/10/12
Монгол Улсын “Степпа арена” Мөсөн ордонд ОХУ-ын уран гулгалтын нэртэй тамирчдын үзүүлэх тоглолтыг 2023 оны 2 дугаар сард Монгол Улсын Соёлын яам, БТСУХ, ОХУ-ын Уран гулгалтын холбооноос зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны 2022 оны хурлын шийдвэр, Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Спортын яамтай байгуулсан 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу энэхүү тоглолтыг төлөвлөсөн байна.
Тус үзүүлэх тоглолтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нар Монголд айлчилж байгаа юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан даваа гарагт ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нарыг Спортын төв ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Д.Жаргалсайхан: “Биеийн тамир, спортын улсын хорооны нэрийн өмнөөс Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын дунд таниулан сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэнд нийт уран гулгалтын спортыг сонирхдог, дэмждэг хөгжөөн дэмжигч, багш, дасгалжуулагч, тамирчид болон хувиасаа талархал илэрхийлье” хэмээв.
Уран гулгалтын үзүүлэх тоглолтыг зохион байгуулах нь хүүхэд, залуус руугаа чиглэсэн сайн санааны ажил гэж ойлгож болно. Хамгийн гол нь үзэгчдэд үзүүштэй байх нь чухал. Иймээс зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар хамтарсан Ажлын хэсгийг байгуулах, тоглолтын үзэл баримтлалыг хэлэлцэн батлах нь чухал болохыг талууд онцлон тэмдэглэв.
Талууд дараагийн хамтарсан уулзалтаа ОХУ-ын Красноярск хотноо энэ оны 12 дугаар сарын 22-25-нд болох Бүх Оросын уран гулгалтын АШТ-ий үеэр хийхээр болж, бүхий л нарийвчилсан төлөвлөгөө, хариуцах ажлаа ярихаар болж, Монголын төлөөлөгчдийг урилаа.
Монголын уран гулгалтын спортыг хөгжүүлэх хүрээнд тамирчин, дасгалжуулагч солилцох, бэлтгэх тухай талууд саналтай солилцов.
ОХУ-ын Уран гулгалтын холбооны удирдлагууд айлчлалын хүрээнд уран гулгалтын үзүүлэх тоглолт зохион байгуулах “Степпа арена” мөсөн ордонтой танилцан, Степпа арена ХХК-ний ТУЗ-ийн дарга П.Цагаантай уулзсан бөгөөд Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич дүгнэхдээ “Степпа арена" ордон бол уран гулгалтын дэлхийн хэмжээний тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулах шаардлагыг бүрэн хангасан байна гэж хэллээ.
“Степпа арена” ордны онцлог нь үзэгчдийн суудал нь зөв байрлалтай юм байна” хэмээн тэрээр өгүүлэв. ОХУ-ын нэртэй уран гулгагчдын үзүүлэх тоглолтыг ирэх оны 2 дугаар сарын эхээр зохион байгуулах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд ОХУ-аас олимпын аварга Алина Загитова нарын 15 орчим тамирчин ирэх төлөвтэй байна.