Герман-Монголын бизнес форумаар барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, хүнсний чиглэлийн зургаан баримт бичиг солилцов

Берлин хотын Потсдамер Плац

Зураг (Берлин хотын Потсдамер Плац): Ansgar Koreng / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд «Герман-Монголын бизнес форум» 10 дугаар сарын 21-нд Берлин хотод болов. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.

Форумыг нээж хэлсэн үгэндээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв. Тэрбээр Германы дэвшилтэт технологи, ноу-хаугаа Монголын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалсан байна.

Форумын хүрээнд Монголын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл зэрэг чиглэлээр нийт зургаан баримт бичиг солилцсон. Тухайлбал:

  • Монголын «GR Precast» ХХК, Германы «CBS Home» компани хоёр Монголд хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэр байгуулах чиглэлээр;
  • «Blackbox Energy», «smartOPS» компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах чиглэлээр;
  • «Хүнс Комплекс» ХХК Германы «Poly-clip System», «Eberhardt» компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо.

Эдгээр нь санамж бичгийн түвшний баримт бичиг тул төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа одоогоор тодорхойгүй байна. Мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen