Ажилгүйдлийн тэтгэмж гурван сар тасалдсан: сайд Т.Аубакир хууль бус хэрэглээ байгааг шалтгаан болгов

Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөө

Зураг (Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөө): Francisco Anzola / Wikimedia Commons, CC BY 2.0

Ажилгүйдлийн тэтгэмж сүүлийн гурван сар тасалдсан шалтгааныг УИХ-ын өчигдрийн хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тайлбарлав. Хуралдаанаар 2027 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, гурван тогтоолын төслийг хэлэлцэж байсан юм.

Сайдын хэлснээр 2026 онд ажилгүйдлийн тэтгэмжид 92 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан. 2027 онд Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн төсвийг 192 тэрбум төгрөгөөр тооцож оруулж ирсэн. Төсвийн тодотголоор 2026 оны сүүлийн гурван сарын төсөвт 50 тэрбум төгрөг суулгаж авсан тул он дуустал тэтгэмжийг саадгүй олгоно гэв.

Тэтгэмж тасалдсан гол шалтгаан нь хууль бус хэрэглээ гэж сайд үзэж байна. Яамнаас хийсэн судалгаагаар захиралдаа очиж намайг халчхаач, гэхдээ би ажлаа хийнэ гэж тохиролцоод тэтгэмж авдаг иргэд байгаа аж. Мөн улирлын чанартай компаниуд өвөл газар хөлдөж ажил зогсоход ажилчдаа халсан тушаал гаргаад, хавар дахин авах замаар тэр хугацаанд нь тэтгэмж авуулдаг гэж тэрбээр хэлэв. Хууль бус хэрэглээнээс болж энэ жилийн төсөв хүрэлцээгүй болсон гэсэн нь сайдын тайлбар.

Үүнийг бууруулах журмыг баталсан. Өмнө нь есөн сар ажилласан хүн 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байсан бол шинэ журмаар 12 сар ажилласан хүн 55 хоногтой тэнцэх тэтгэмж авна. Тэтгэмжийг авах шаардлагатай иргэдэд л олгох зарчим баримтална гэж сайд хэлсэн.

Харин хэдэн хүн, хэдий хэмжээний хууль бус тэтгэмж авсныг сайд тоогоор дурдаагүй. Шинэ журам улирлын чанартай ажил хийдэг, ажлын байр нь тогтворгүй иргэдэд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen