“Мегатон энержи” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хянаж шалгах газар байна уу?

“Мегатон энержи” ХХК нь Зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй мэдээлэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайт дахь зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нийтлэгджээ. Товч тодруулбал, тус сайтад нийтлэгдсэн Тэсрэх бодис, тэсэлгэний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн судалгаагаар “Мегатон энержи” ХХК "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд импортлох" зөвшөөрөлтэй байна. Уг зөвшөөрлийг 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр шинээр олгосон бөгөөд гурван жилийн хугацаанд хүчинтэй гэжээ. Гол анхаарал татаж буй асуудал бол энд зөвхөн "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд импортлох" гэсэн зөвшөөрөлтэй нэг л компани байгаа юм. 

Үүнийг тодотгохын учир нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хууль”-ийн 12.2-д “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл “Мегатон энержи” ХХК нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй атал түүхий эд импортлох тусгай зөвшөөрлийг нь авчээ.

“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хууль”-ийн 12.1-д зааснаар энэ төрлийн хэрэгсэл импортлох хуулийн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1.3-т заасан шаардлагыг хангах буюу хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичгийг зөвшөөрөл хүсэгч өргөдөлдөө хавсаргах ёстой. Үүний дагуу тус компани тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө хавсаргаж байж түүхий эд импортлох зөвшөөрөл авах эрхтэй болох байв. Гэвч тэдэнд үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг нь бүртгэл, жагсаалт дээр харагдаж байна.

Тэгэхээр "Мегатон энержи" ХХК нь түүхий эд импортлох эрхийг яаж авав, хэн тэдэнд олгов гэдэг хардлага гарч ирж байгаа юм. Эдгээр асуудал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яаж хяналтаас гадуур явж ирсэн бэ гэдэг асуултуудаар удаах хардлагууд үргэлжлэнэ. Тиймээс одоо хянаж шалгах газар байгаа эсэх нь өөрөө эргэлзээ дагуулна. 

Үүний цаана юу яригдаж болохыг одоо цагт хүмүүс мэддэг болсон тул хариуцлагатай хариулт нэхэж эхлээд байна. 

Хуваалцах:
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen