"Монголын шилдэг нийтлэл" цувралын 47, 80 дугаар боть сэтгүүлч Г.Жамъян, С.Товуудорж нарын бүтээлээр хэвлэгджээ

 

"Монголын шилдэг нийтлэл" эрдэм шинжилгээ, судалгааны төв ТББ-аас эрхлэн гаргадаг "Монголын шилдэг нийтлэл" цуврал 99 ботийн 47, 80 дахь дугаар нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян болон сэтгүүлч, зохиолч С.Товуудорж нарын уран бүтээлээр хэвлэгдэн гарчээ. Энэхүү ботиудын нээлт 10 дугаар сарын 21-нд "Улаанбаатар Эрдэм" их сургууль дээр боллоо.

"Монголын шилдэг нийтлэл" цувралын 47 дугаар ботид МУСГЗ, Эмнести Интернэшнл байгууллагын "Хүний эрхийн төлөө тэмцэгч" шагналт Галсангийн Жамъянгийн төвийн сонин хэвлэлд бичиж нийтлүүлсэн "Банкны банхарууд", "Ордны аллага уу?", "Хуулийн дээр суудалтай Худалдаа хөгжлийн банк", "Хотыг хойт эцгийн гарт байлгамааргүй байна" зэрэг 75 нийтлэл, 4 ярилцлага, 2 ил захидал ба түүнд өгсөн хариултууд багтсан байна.

Харин зохиолч, сэтгүүлч С.Товуудоржийн уран бүтээлээс бүтсэн "Хулшрашгүй" нэрт  "Монголын шилдэг нийтлэл" цувралын 80 дугаар боть "Чингис хаан, алтан ургаас, богдууд, суут хүн", "Зарим сүм хийд, лам, бөө", "Зарим бөх, хурдан морь, хоньчин", "Хүмүүс, тэдний ажил амьдрал", "Домог, хууч яриа", "Зарим нутаг, ан амьтад" гэсэн 6 бүлгээс бүтжээ.

"Монголын шилдэг нийтлэл" цувралын 47, 80 дугаар ботийн нээлтэд Г.Жамъян агсны гэр бүл, үр хүүхдүүд, зохиолч, сэтгүүлч С.Товуудорж нар оролцсон бөгөөд "Монголын шилдэг нийтлэл" эрдэм шинжилгээ, судалгааны төв ТББ-аас нийслэлийн номын сангууд, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхим, номын санд шинэ номын дээжээс бэлэглэлээ.
Хуваалцах:
Сэтгэгдэл нэмэх

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen