“Их хотын бүсгүйчүүд 2024”: Салбар бүрийн шилдэг эмэгтэйг тодруулав


Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2024” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө тав дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээний үеэр ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн, нийгэм, хойч үедээ үнэ цэн бүтээж буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшууллаа.

Тодруулбал:

  • “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Ц.Болормаа
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Л.Жавзмаа
  • “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Ө.Оюун-Эрдэнэ
  • “Мөрдөстэй бүсгүй” номинацид Х.Баясгалан (Дэд Хурандаа)
  • “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Д.Отгонжаргал (Монгол Улсын Гавьяат Жүжигчин)
  • “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Ц.Норов
  • “Спортын салбарын шилдэг” номинацид Монголын 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хамт олон
    • О.Хулан
    • М.Цэрэнлхам
    • Б.Ариунцэцэг
    • Ө.Индра
    • Ц.Болорцэцэг
    • Э.Нарангоо
  • “Боловсролын салбарын шилдэг” номинацид Г.Мөнхзул
  • “Алдарт эх” номинацид Ц.Ундрах нар тодорсон билээ.

Хүндэтгэлийн  арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нээн “НҮБ-аас энэ жил Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулж байж бид цаашид өсөлт хөгжлөө сайжруулна” уриан дор тэмдэглэж байна. Энэ ч утгаараа нийслэлийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургууль, цэцэрлэгийн цагийг хөдөлмөрийн цагтай уялдуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, бодлогын түвшинд анхаарч ажиллаж буйг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.

Ажлын минь хамгийн гоё зүйл нь хотын иргэдийн цэвэр цэмцгэр байдлыг хангаж өгдөг явдал

“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний үйлчилгээний салбарын шилдэг ажилтнаар шалгарсан Ө.Оюун-Эрдэнэ:

-Би 2014-2016 онд нийтлэг үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-д зам талбайн үйлчлэгч,  2016 оноос одоог хүртэл “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. Ажлын минь хамгийн гоё зүйл нь хотын иргэдийн цэвэр цэмцгэр байдлыг хангаж өгдөг явдал. Гэхдээ залуустаа хандаж тамхины ишээ битгий ил задгай хаяж байгаарай, хогоо хогийн саванд хийж байгаарай гэж хэлмээр байна. Хэдий хог цэвэрлэж байгаа ч гэсэн биднийг хүндэтгэж байгаарай гэж хэлмээр байна.

Байгууллагынхаа ажилчдад зориулан гурван насны ангилал бүхий хүүхэд өнжүүлэх төвийг нээсэн

"Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээний Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарсан Л.Жавзмаа:

-Би “Имарт” дэлгүүрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай байгууллагын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Энэхүү шагнал нь манай байгууллагын бүхий л эмэгтэйчүүдийг шагнаж байна гэж үзэж байна. Байгууллагын зүгээс ажилчдад зориулсан гурван насны ангилал бүхий хүүхэд өнжүүлэх төвийг нээж, 360 автомашины зогсоол, 3000 гаран метр квадрат талбай бүхий ногоон байгууламж, тусгай хэрэгцээт иргэд болон нярай хүүхэд хуурайлах өрөөнүүд, 1 сая ном бүхий номын сан гэх мэт үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчдэд нэг дороос хүргэн ажиллаж байна.

Сайн хүн болж хүмүүжихийн гол утга учир нь эцэг, эхийн хүмүүжил

"Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээний Алдарт эх номинацид шалгарсан Ц.Ундрах:

-Би 2003, 2006, 2008, 2014 онуудад ихэр хүүхэд төрүүлэн өдгөө зургаан охин хоёр хүүтэй өнөр өтгөн айлын эзэгтэй болсон. Хүүхдүүд сайн хүн болж хүмүүжихийн гол утга учир нь эцэг, эхийн хүмүүжил гэж боддог. Би өөрөө сувилагч мэргэжилтэй болохоор олон сайхан хүүхдүүдтэй ажиллаж байсан. Тиймээс ийм сайхан хүүхдүүд надад заяажээ гэж бодож явдаг даа.

Төрсөн эгчийнхээ ачийг эх барьж авсан тэр мөч сэтгэлд хамгаас тод үлджээ

"Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээний Эрүүл мэндийн салбарын шилдэг номинацид шалгарсан Ц.Норов:

-Би 32 жилийн турш эх баригч эмчээр ажиллахдаа 12,800 нярайг эх барьж, 40 гаруй нярайн эх баригч бэлдсэн байна. Төрсөн эгчийнхээ ачийг эх барьж авсан тэр мөч сэтгэлд хамгаас тод үлджээ.

Давхардсан тоогоор 7000 гаруй багш, туслах багшид сургалт явуулаад байна

"Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээний Боловсролын салбарын шилдэг номинацид шалгарсан Г.Мөнхзул:

-Энэхүү шагнал нь ганцхан миний шагнал бус боловсролын салбарт гар нийлэн ажиллаж буй хүрээллийн минь хамтын шагнал юм. Би 26 жил боловсролын салбарт ажиллахдаа “Бага насны хүүхдийн хөгжмийн боловсрол”, “Бага насны хүүхэдтэй ажиллах ур чадвар”, Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, байгаль нийгмийн орчинтой танилцуулах арга зүй” сургалт, “Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор 7000 гаруй багш, туслах багшид сургалт явуулаад байна.

Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн чансааны оноогоо ахиулсан

"Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээний Спортын салбарын шилдэг номинацид шалгарсан Монголын Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хамт олон:

-Бид МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улиралд өөр өөр багаас тоглосон хэдий ч 2023 онд Монгол Улсаа төлөөлөн Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт нэг хамт олон болж, NBA 3X Invitational Champion, HANGZHOU Asian Games, FIBA WOMEN’S SERIES буюу Эмэгтэйчүүдийн цуврал зэрэг дөрвөн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн чансааны оноогоо ахиулсан билээ.

ШШГЕГ-ын эмэгтэй алба хаагчдад зориулан олон талт арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна

"Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээний Мөрдөстэй бүсгүй номинацид шалгарсан дэд хурандаа Х.Баясгалан:

-Миний бие ШШГЕГ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй алба хаагчдын манлайлал, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр олон талт арга хэмжээг санаачлан зохион байгуулж ажиллахын зэрэгцээ эмэгтэй алба хаагчдын ажил албаны онцлог, идэвх, оролцоо, мэдлэг чадвар, амжилт бүтээл, авьяас, сонирхлыг сурталчлан таниулахад бодит хувь нэмэр оруулан ажилладагтаа баяртай байдаг.

2023 онд “Гэрийн тэжээвэр амьтны тухай” хуулийн төслийг батлуулсан

"Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээний Хүмүүнлэг салбарын шилдэг номинацид шалгарсан "Азтай савар" ТББ-ын ТУЗ-ын гишүүн Ц.Болормаа:

-"Азтай савар" ТББ маань 2020 оноос эхлэн гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой аливаа асуудлын байгаль орчин, нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах зэрэг зорилгоор “Гэрийн тэжээвэр амьтны тухай” хуулийн төслийг санаачлан, 2023 онд батлуулсан хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах: