Нийслэл Улаанбаатарын 387 жилийн ой: Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн далбаа мандууллаа
![]()
Зураг (Улаанбаатар хотын панорам): Devigard / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандууллаа. Гэрэлт хөшөө буюу мэлхийт хөшөөг 1778 онд Алтан тэвшийн хөндий буюу одоогийн Улаанбаатарт суурьшсан түүхэн үйл явдалд зориулж босгосон байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва юу хэлэв
Олонтоо бууриа сэлгэсэн нүүдэлчдийн хот өдгөө улсын хүн амын тал нь суурьшиж, эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг их хот болон хөгжсөнийг Хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр "Улаанбаатар хотын түүх бол олон гэр бүл зорин ирж амьдралаа төвхнүүлсэн гэр юм. Улаанбаатар хот бол бидний төрж өссөн, үр хүүхдийнхээ ирээдүйг төлөвлөж хамтдаа бүтээж буй гэр орон юм" гэжээ.
"Шинэ үеийн Улаанбаатар" бодлогын хүрээнд иргэдийнхээ амьдралын чанарыг эн тэргүүнд тавьсан хөгжлийн шинэ шатыг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа тэр хэлсэн. "Хуримтлагдсан асуудлууд гэрлийн хурдаар шийдэгдэхгүй ч шинжлэх ухаанч шийдлүүдийг тууштай хэрэгжүүлнэ" гэж тэрбээр нэмж хэлэв.
Ойг угтаж Улаанбаатар хотын музей 10 дугаар сарын 26-30-ны хооронд үзмэрээ үнэ төлбөргүй үзүүлж, 11 бүтээлтэй "Улаанбаатар" пянз 10 дугаар сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.
