АСТАНА 2026: Э.Даваанасан бөхийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж, шигшээ багийн анхны медалийг авчирлаа

Астана хот

Зураг (Астана хот, Байтерек хөшөөний талбай): Vyacheslav Bukharov / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Казахстаны Астана хотод үргэлжилж буй чөлөөт ба сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс (ДАШТ) Монголын шигшээ баг анхны медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд барилдсан Энх-Амарын Даваанасан хүрэл медальтан боллоо.

Э.Даваанасан дагах тойрогт Литвийн Камил Грискиенийг 10:0 оноогоор цэвэр ялж, хүрлийн төлөө барилдах эрх авсан. Дараа нь Киргизийн Айпери Медет Кызыг цэвэр ялснаар дэлхийн хүрэл медальтан болов.

Өдгөө 28 настай тэрбээр гурван жилийн өмнө Сербийн Белград хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Энэ тэмцээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс Б.Хулан 57 кг-ын жинд, Т.Энхжин 65 кг-ын жинд тус тус тавдугаар байр эзэлсэн. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана. Мөн эмэгтэйчүүдийн 55 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр, 97 кг-д Т.Дэмчигдорж нар өрсөлдөх хуваарьтай байна.

Тэмцээний тухай. Бөхийн ДАШТ 10-р сарын 24-өөс 11-р сарын 1 хүртэл Астанагийн «Barys Arena»-д болж байна. Тэмцээнийг анх Бахрейны нийслэл Манама хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд Нэгдсэн дэлхийн бөхийн холбоо (UWW) 5-р сард Астана хотыг орлон зохион байгуулагчаар зарласан юм. Эхний өдрүүдэд сонгомол бөхийн жингүүд барилдсаны дараа эмэгтэй, дараа нь эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнүүд ээлжлэн болж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen