Баян-Өлгийн 905 багш, боловсролын салбарын ажилтны Монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувь байв

Өлгий хот ба Ховд гол

Зураг (Өлгий хот ба Ховд гол): BatboldDorjgurkhem / Wikimedia Commons, CC BY 4.0

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын ажилтнууд, багш нарын дунд Монгол хэлний сорил зохион байгуулжээ. Сорилд аймгийн төв, сум, багийн 905 оролцогч хамрагдсан бөгөөд гүйцэтгэлийн дундаж 36.3 хувь болсныг Боловсролын яам мэдээллээ.

Оролцогчдын 57 хувь нь 40 хувиас доош, зөвхөн 2.4 хувь нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй байв. Хамгийн анхаарал татсан үр дүн нь бага ангийн багш нарын 70 хувь, мэргэжлийн боловсролын байгууллагын ажилтнуудын 61 хувь нь 40 хувиас доош гүйцэтгэлтэй байсан явдал. Харин Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар болон сургалтын байгууллагын удирдлагуудын 31–35 хувь нь 60–79 хувийн гүйцэтгэлд хүрчээ.

Чадвараар нь авч үзвэл:

  • бичгийн соёл, хэрэглээ хамгийн өндөр буюу 77.4 хувь
  • Монгол бичгээр унших 26.1 хувь
  • санаагаа товч илэрхийлэх 29.5 хувь
  • эшлэл, баримт сонгон хэрэглэх 32.2 хувь

Эхний үзүүлэлт хамгийн сайн, сүүлийн гурав нь хамгийн сул чадвар болж гарчээ. Бага ангийн багш нарын 19.4 хувь нь эсээ бичих чадвар сул, эсвэл огт бичиж чадахгүй байгаа гэж дүгнэгдсэн. Боловсролын түвшнээр харьцуулахад магистрын зэрэгтэй оролцогчид (47.8 хувь) бакалавр (34.7 хувь), дипломтой (32.6 хувь) оролцогчдоос илүү үр дүн үзүүлсэн байна.

Байршлаар нь авч үзвэл аймгийн төвөөс сум, улмаар багийн төв рүү шилжих тусам үнэлгээний үр дүн буурах хандлага ажиглагдсан. Тухайлбал багийн түвшний оролцогчдын үзүүлэлт хамгийн бага буюу 29.7 хувь байв.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen