Годрон өвчний улмаас 24 мянга гаруй ямааг устгалд оруулсан 58 өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоно
![]()
Зураг (Монголын ямаан сүрэг, жишээ зураг): Orgio89 / Wikimedia Commons, CC0
Засгийн газар өчигдөр (10 дугаар сарын 28) ээлжит хуралдаанаараа ямааны годрон өвчний улмаас ямаагаа устгалд оруулсан өрхүүдэд нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ. Шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Сайдын хэлснээр 24,000 гаруй ямааг устгалд оруулсан бөгөөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Годрон өвчнөөс болж ямаагаа устгалд оруулсан 58 өрхийн хохирлыг төр барагдуулж байна гэж ойлгож болно хэмээн тэрбээр тодотгов.
Вакцины тухайд 14 хоногийн өмнө ямааны годрон өвчний эсрэг вакциныг дотооддоо дахин үйлдвэрлэж эхлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөг хуваарилах шийдвэр гарсан байсан. Ц.Идэрбат вакциныг дотооддоо үйлдвэрлэхийн тулд шинжлэх ухааны олон шат дамжлага дууссан, итгэмжлэгдсэн дотоодын лабораториор баталгаажуулж, олон улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээснийг хэлэв. Түүний мэдээлснээр 11 дүгээр сарын дунд гэхэд вакцин Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтэрнэ.
Годрон өвчин юунаас болж гарсныг тогтоож, буруутай этгээдийг илрүүлэхийг Засгийн газар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгожээ. Хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дараагийн алхам нь буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх явдал гэж сайд мэдэгдсэн.
