Хүүхдийн эрт илрүүлэгт 198 мянга гаруй хүүхэд хамрагдаж, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй үнэлэгджээ

Улаанбаатарын 23-р сургуулийн сурагчид

Зураг (Улаанбаатарын 23-р сургуулийн сурагчид, 2024 оны 4-р сар): UK Government / Wikimedia Commons, CC BY 2.0

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 10-р сарын 1-ээс 12-р сарын 1-ний хооронд улс даяар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 198,302 хүүхэд (69.4 хувь) үзлэгт хамрагдаж эхэлжээ.

Үзлэгийн онцлог

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хэрэгжиж буй энэ үзлэгт хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээлгүй, сурч хөгжиж буй цэцэрлэг, сургуулийн орчинд нь үйлчилгээг ойртуулсан нь гол онцлог юм. Үзлэгт 3, 6, 11, 15 настай гэсэн дөрвөн насны хүүхэд хамрагдана.

  • 3 настайд хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг,
  • 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг,
  • 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг,
  • 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумжаар үнэлнэ.

Мөн бүх насны хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлнэ. Сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим системийг холбож, бодит цагийн горимоор хянах нэгдсэн дашбордтой болгосон. Үзлэгийн зардлыг ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан бөгөөд үзлэгийн дараах зөвлөгөөг эцэг эхчүүдэд ЕМонголиа-гаар дамжуулан хүргэнэ. Үзлэгийн өмнө эцэг эх, асран хамгаалагчаас таниулсан зөвшөөрөл авч байна.

Хамрагдалт

Улсын хэмжээнд 198,302 (69.4 хувь) хүүхэд үзлэгт хамрагдаж эхэлсэн бөгөөд 130,450 (45.7 хувь) нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдаж дууссан байна. Үзлэгт бүрэн хамрагдсан хүүхдийг насаар нь авч үзвэл:

  • 3 настай — 37,648 (56.6 хувь)
  • 6 настай — 32,226 (42.8 хувь)
  • 11 настай — 36,085 (44.4 хувь)
  • 15 настай — 24,491 (39.1 хувь)

Эрсдэлийн үнэлгээ

Үзлэгт хамрагдсан хүүхдийн 26.3 хувь нь А буюу хэвийн үнэлгээтэй, 24.1 хувь нь В буюу өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд хяналт тавих бага эрсдэлтэй, 41.2 хувь нь С буюу нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь D буюу эрсдэл өндөртэй гэж үнэлэгдсэн байна.

С ангилалд орсон хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол D ангилалд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт илүү тохиолдож байна.

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн өвчин, эрсдэлийг эрт илрүүлэх нь хожим гарах өндөр өртөгтэй эмчилгээ, хүндрэлээс сэргийлж, гэр бүл болон эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг бууруулна гэж мэдэгдсэн байна. Мөн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгийн дараах эмчийн зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen