Уур амьсгалын өөрчлөлтийн талаар сурагчид судалдаг болно

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн энэ удаагийн өглөөний уулзалтын зочноор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, тус яамны ахлах шинжээч Ц.Мөнхбат, хэлтсийн дарга Н.Цогзолмаа, “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар нар оролцлоо. Энэ удаагийн бидний уулзалт “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд чухалчлах нь” сэдвээр өрнөсөн юм. Уулзалтын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад зочид хариулт өглөө.

С.Одонтуяа: Манайд салбарын бодлогын баримт бичиг хангалттай бий, гол нь практик хэрэгжилт чухал байна. Би энэ салбарт зоригтой реформ хийнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа салбарын бодлого хийгээд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай салбар уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасах зохицох вэ гэдэг бодлого барьж байна. Энэ талаар иргэдийн мэдлэгжүүлэх, мэдээлэлтэй болгохоос гадна байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хэрхэн бэлтгэлтэй байх вэ гэдэгт анхаарч ажиллах юм. Аливаа хүн, байгууллага тухайн салбараас ашиг хүртэж байж оролцоотой ажилладаг юм билээ. Тиймээс ногоон эдийн засагт шилжихийн тулд банк хийгээд иргэн, байгууллага ногоон зээлээр орчин тойрноо нөхөн сэргээх, моджуулахад анхаарал хандуулах цаг үе ирээд байна. Мөн сургуулийн хүүхдүүдэд зориулсан эко сургалтуудын талаар томоохон платформ нээгдээд байгаа. Энэ бол том дэвшил. Хүүхдүүдээс шинэ санаа санаачилга их гардаг. Тиймээс сургуулиудад эко клуб ажиллуулах хэрэгтэй байна. 1992 онд манай улс уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын конвенцод нэгдсэн. COP 29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын хуралд дэлхийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтсон. Саяхан Саудын арабд дэлхийн цөлжилтийн асуудлыг хэлэлцсэн томоохон хурал боллоо.

Бид цаашид хүүхдийн сэтгэлд үлдэхүйцээр байгаль орчны боловсрол олгох сургалтууд явуулахад анхаарч ажиллана. Ер нь дэлхий нийт тогтвортой хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тиймээс манай улс ч гэсэн энэ чиглэл рүү анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Дэлхийн усны нөөцийн 98 хувь нь гадаргын ус байдаг учраас усаа хамгаалж хөв цөөрөм байгуулах ажлыг улс даяар өрнүүлж эхэлсэн.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, даргаар нь намайг  сонгосон. Хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Маргаашийн хуралд хүүхдүүдэд зориулсан зөвлөмж гаргах талаар үүрэг болгоно гэж бодож байгаа.

Манай улсад бодлогын баримт бичиг хангалттай бий. Гол нь хэрэгжүүлэхэд бид алддаг учраас энэ тал дээр илүү анхаарч ажиллахаар төлөвлөж буй. Би энэ салбарт зоригтой реформ хийнэ гэж бодож байна. Манай улсад олон ТББ, холбоо бий. Нэгдэх хэрэгтэй л дээ. Төр тэр бүгдтэй хамтарч ажиллахад бэрхшээлтэй учраас нэгдсэн том холбоо байвал бид зорилгоо нэгтгэхэд бэлэн байна” гэж ярилаа. 

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах шинжээч Ц.Мөнхбат “Бид уур амьсгалын өөрчлөлтийн талаар видео хичээл бэлтгэж платформд байршуулаад байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Тиймээс бид хамтарч ажиллахаар болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хичээлийн агуулгад оруулахаар төлөвлөсөн” хэмээв.

Х.Отгонбаатар: Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хичээлийг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй хүргэнэ

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын талаар ярилаа. Тэрбээр “Боловсролын ерөнхий хуулиараа тухайн боловсролын тогтолцоо тогтвортой байх ёстой. Хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийн агуулгыг бага боловсролын түвшинд хийгээд эхэлсэн. Туршилтаар хэрэгжиж байна. Ирэх жилээс суурь боловсролын түвшинд хэрэгжүүлнэ. Гол зүйл бол хүүхэд амьдралдаа хэрэгжүүлдэг дадал хэвшилтэй болох ёстой.

Хуулийн нэг том бүлэг бол хүүхдүүдийг тэгш хамруулах хэсэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн тусламжтай явуулах хичээлийг багтааж байгаа. Харааны бэрхшээлтэй хүүхдийг хичээл сонсоод сурахад нь зориулаад аудиа  хэлбэрээр цахимд байршуулсан” гэсэн тайлбар өглөө.

Э.Шинэцэцэг: Байгалийн давагдашгүй хүчин зүйл хүүхдийг сэтгэлзүйн цочролд оруулдаг

Э.Шинэцэцэг “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол гэж бид яриад байгаа боловч цаад утгаараа тогтвортой хөгжлийн боловсролыг системтэйгээр олгох гээд байгаа зорилт юм. Цахим платформдоо мэргэжилтнүүдийн хэлсэн үг, багш нарын заах аргазүй, сэтгүүлчдийн хэлсэн үг гээд бүгд нэг дор байршиж байхаар оруулахаар зорьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүүхэд олноороо өртдөг болсон. Энэ нь хүүхдийн эрх зөрчихөд нөлөөлж байна гэж НҮБ үзэж буй. Дэлхийн дээр тэрбум гаруй хүүхэд байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөнөөс шалтгаалж аюулгүй аж төрөх эрх нь зөрчигдөж буй. Манай улсын хэмжээнд гэхэд нэг сая /1000 000/ орчим хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Гэнэтийн байгалийн хүчин зүйлээс хүүхдүүд сэтгэлзүйн цочролд ордог учраас сургалтын агуулгад нь багтааж илүү сайн мэдээллийг хүргэж мэдлэгтэй болгохоор бид зорьж ажиллаж байна” хэмээсэн юм.

Энэ удаагийн бидний уулзалт энэ оны отгон арга хэмжээ болон өндөрлөж буйг Тогтвортой хөгжлийн клубийг үүсгэн байгуулагч, “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн Д.Даваадулам онцоллоо.

Тэрбээр “Бид 2024 онд тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролд түлхүү анхаарал хандуулж ажиллалаа. “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб энэ онд нийт голдуу хэвлэлийнхнээ хамруулсан 20 гаруй удаагийн уулзалт ярилцлага, эвент зохион байгууллаа. Мөн клубын гишүүд Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Булган, Сэлэнгэ зэрэг нийт 10 гаруй аймагт тогтвортой хөгжлийн боловсрол олгогч, түгээгч, манлайлагч сайн туршлагыг сурвалжлах, танилцах, өөрсдөө суралцах зорилгоор ажилласан байна. Ийй байдлаар 2024 онд бидний үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, тэрдундаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж хангахад түлхүү чиглэлээ. Мөн бид өөрсдийгөө чадавхжуулах, суралцахад цагаа зориулж анхаарч байна. Энэ бол бидний тогтвортой хөгжлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр. Цаашид ч манлайлан ажиллана“ гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen