Ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг “огцруулна”
Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр УИХ-ын 126 гишүүний нэгийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусах нөхцөл бүрдлээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдээд байна.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан юм. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.
Харин өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн тогтоолд “Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв” хэмээсэн байгаа. Харин түүнийг буруутгасан “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт холбогдох хэргийг гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, гурван компанид давуу байдал олгосон гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж буй учраас УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийг үндэслэн эгүүлэн татаж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэх нь хууль тогтоогчдын өөрсдийнх нь эрх мэдлийн, цаг хугацааны л асуудал болов.
Эх сурвалж: tac.mn