Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын урьдчилсан дүн 3.3 их наяд төгрөг гарчээ

Зураг (Түймэрт шатсан ой, жишээ зураг): Annawhitney / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Дорнод аймагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээ 3.3 их наяд төгрөг болсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдэгдлээ.
Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг хуульд заасан хугацаанд урьдчилсан тайлан гаргаж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Шүүх шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж, дүн шинжилгээ хийлгэх юм. Сайд урьдчилсан үнэлгээ дээш ч, доош ч өөрчлөгдөж болохыг онцоллоо. Хохирлын дүгнэлт ирэх сарын 6-нд гарна гэж мэдээлжээ.
Хэргийн холбогдогчийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтооно. Хариуцагч тодорхой болмогц байгаль орчинд учруулсан хохирлыг түүнд оногдуулж, нөхөн төлүүлэх арга хэмжээг шатлан хэрэгжүүлнэ.
Нөмрөгийн дархан цаазат газар болон хилийн гадна нийт 504,960.4 га газар шатсан гэж мэдээлсэн. Япон Улсын Засгийн газар сэргээн босгох, экосистемийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
