Багш нарыг улс төрд оролцох эрхтэй болгох хуулийн төсөл хэлэлцэхээр Байнгын хороогоор дэмжигдлээ
![]()
Зураг (Сүхбаатарын талбайн оройн дүр зураг): Jonathan Konrath / Wikimedia Commons, CC BY 4.0
Ц.Мөнхтуяа болон бусад 39 гишүүний өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 11 дүгээр сарын 24-нд хэлэлцэв. Хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралд оролцсон 16 гишүүний 11 нь буюу 68.8 хувь нь дэмжлээ.
Төслөөр багш нарыг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан одоогийн заалтыг хасах, боловсролын салбарын цалинг нэмэх, тэтгэврийн насыг доошлуулах, төрийн сургуулийн багшийн цалинг хувийн сургуультай ижил түвшинд хүргэх зэрэг асуудлыг тусгасан.
Үүнд төрийн болон орон нутгийн боловсролын байгууллагын багш, удирдлагын цалинг улсын дундаж цалингаас багагүй байлгаж, жил бүр инфляцтай уялдуулан шинэчлэх, багшийн цалин болон боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтны цалингийн зөрүүг 20 хувиас хэтрүүлэхгүй байх, ангийн суралцагчийн тоонд тулгуурласан цалингийн нэмэгдэл олгох заалт орсон. Мөн алслагдсан сум, баг, тосгонд ажиллагчдад нэмэгдэл цалин болон зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох, 25-аас дээш жил ажилласан багш өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настайд тэтгэвэрт гарах боломжтой байх, 15-аас доошгүй жил ажилласан багшийн нэг хүүхдийг төрийн дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах зэрэг заалт бий. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, сургуулийн захирлыг таван жилээр томилж, гүйцэтгэлээс хамааран нэг удаа гурван жилээр сунгахаар тусгажээ.
Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын саналыг танилцуулж, хууль батлагдвал 2.2 их наяд төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдах тул төслийг дэмжихгүй гэж мэдэгдэв. Мөн салбар хоорондын тэнцвэр, төрийн албаны нэгдсэн бодлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл тэтгэврийн насыг наашлуулах боломжгүй гэжээ. Учир нь 1958 оноос тогтсон 55, 60 насны хязгаар одоо ч хүчинтэй, дундаж наслалт нэмэгдсэн, эрт тэтгэвэрт гарах нь тэтгэврийн хэмжээг бууруулж, нийгмийн даатгалын тогтолцоонд эрсдэл учруулна гэж тайлбарлав.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хувийн сургуулийн цалинг төрийнхтэй адилтгах нь хувийн хэвшлийн цалингийн бодлогыг хуульчлах уу гэж асуув. Төсөл санаачлагч Ц.Мөнхтуяагийн зөвлөх Д.Мөнхбаатар 2010 он хүртэл багш нар намын гишүүнчлэлтэй байсан тул үндсэн эрхийг сэргээх зорилготой гэж тайлбарласан. Ц.Мөнхтуяа нь багш нарын цалин одоогийн байдлаар автобусны жолооч зэрэг ажилтнуудаас ч бага байгааг шүүмжилж, хувийн сургуулийн багш 3 сая төгрөг авдаг бол төрийн сургуулийн багш ч ийм цалин авах ёстой гэж үзлээ.
Төсөл хэлэлцэх шатанд орсноор цаашид Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар дэлгэрэнгүй хэлэлцэх боловч Засгийн газар санхүүгийн хүчин чадлын үүднээс дэмжихгүй гэж байгаа тул эцсийн шийдвэр нээлттэй хэвээр байна.
