Шинжээчид 2027 онд Монголын эдийн засгийн ерөнхий төлвийг уул уурхайгаас илүү улс төр тодорхойлно гэж дүгнэжээ
![]()
Зураг (Улаанбаатар хотын сэнтрийн төв): Devigard / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Монголын Хөрөнгө Оруулалтын Форум (Mongolia Investment Forum) 11 дүгээр сарын 18-нд Сингапурт болж, "Capital Markets Mongolia" (CMM) байгууллага "Mongolia Outlook 2027" тайланг танилцууллаа. Тайлангийн дүгнэлтээр 2027 онд Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвийг уул уурхайгаас илүү улс төр тодорхойлно.
Тайланд дурдсанаар 2026 оны эхний хагаст ДНБ-ий бодит өсөлт 7.7 хувь байсны тал орчмыг уул уурхай, хүнд үйлдвэр бүрдүүлсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн 31.5 хувиар өссөн. Инфляц 10 дугаар сард 13.4 хувь хүрч, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн. Монголбанк бодлогын хүүг 8 дугаар сард 12.5 хувь болгож нэмсэн. Гадаад валютын нөөц 9 дүгээр сарын байдлаар 8.9 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн бол Засгийн газрын өр ДНБ-ий 40 орчим хувь болж буурсан (2024 онд 45 хувь).
S&P, Moody's, Fitch гурвуулаа Монгол Улсын зээлийн зэрэглэлийг BB-, B1, B+ гэж үнэлсэн нь сүүлийн 10 гаруй жилийн хамгийн өндөр түвшин гэжээ. 2025 онд зэс 2016 оноос хойш анх удаа нүүрсийг гүйцэж экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн болсон бөгөөд 2026 оны эхний 10 сарын зэсийн баяжмалын экспорт 68 хувиар өсөж 7.6 тэрбум ам.доллар болжээ.
Бондын зах зээлд Монголын 11 байгууллагын гаргасан 23 бонд олон улсын зах зээлд арилжаалагдаж байгаа бөгөөд нийт дүн 6.51 тэрбум ам.доллар. 2026 оны 1–11 сард олон улсын зах зээлээс бондоор 2.35 тэрбум ам.доллар татсан нь 2012 оноос хойших хамгийн өндөр дүн бөгөөд үүний 79 хувийг Засгийн газраас бусад байгууллага гаргасан. 2027 онд нийт 1.59 тэрбум ам.долларын бондын хугацаа дуусна. Банкны салбарын нийт актив 9 дүгээр сарын байдлаар 94.9 их наяд төгрөг болж, өмнөх жилээс 26 хувиар өссөн нь Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээнээс таван дахин их байна.
Тайлангийн гол хүлээлт: уул уурхайн огцом өсөлт намжихтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт 2027 онд 5 хувь орчим болж саарна. Инфляц буурах боловч зорилтот түвшнээсээ дээгүүр байх тул Монголбанк бодлогын хүүгээ 2027 оны дунд үе хүртэл хэвээр хадгалах магадлалтай. "Оюу Толгой" компанийн ногдол ашгийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө олгох магадлалтай ч төсөвт тусгасан 3 их наяд төгрөгөөс бага байх төлөвтэй. Мөн 2026–2027 оны өвлийн цахилгаан эрчим хүчний хангамж хүндрэлтэй хэвээр, шинэ хүчин чадлын ихэнх нь 2028 оноос өмнө ашиглалтад орохгүй гэжээ.
