Гэр хорооллын 7,800 айлд цахилгаан халаагуур, дулаалгыг сард 60,000 төгрөгөөс хэтрэхгүй зээлээр нийлүүлнэ

Улаанбаатарын гэр хороолол

Зураг (Улаанбаатарын гэр хороолол): Quintin Soloviev / Wikimedia Commons, CC BY 4.0

Нийслэлийн дарга Б.Пүрэвдагва гэр хорооллын 7,800 өрхийг энэ өвөл цахилгаан халаалтын системд шилжүүлэх төслийн талаар мэдээлэл өглөө. Дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур болон гэрийн дулаалгыг иргэд сард 60,000 төгрөгөөс хэтрэхгүй зээлийн төлбөрөөр авах боломжтой гэж тэрээр хэлжээ.

Иргэд одоо сард түлшинд дунджаар 200,000 төгрөг зарцуулдаг гэж тооцсон бөгөөд сарын зээлийн төлбөр 60,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тооцжээ. Гэр хорооллын 7,800 айлд дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур нийлүүлэхдээ нэг компанитай хамтран ажиллах ч нэг бүтээгдэхүүнийг шахахгүй, иргэдэд сонголт өгнө гэжээ. Чип багц болон цахилгаан халаагуур зэрэг бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжтой.

Дотоодын 20 орчим аж ахуйн нэгж цахилгаан халаагуур, яндангүй зуух, нөөцлүүрт халаагуур, гэрийн дулаалга үйлдвэрлэж байна. Хоёр талдаа хатавчтай, дээрээ тотготой дулаалга гэрийн дулаан алдагдлыг 33 хувиар бууруулна гэсэн бол сонголтод индукцийн ширэмтэй, 2.4 кВт-ын дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур багтана. ААН, байгууллагууд дулаан хуримтлууртай халаагуурт таван жилийн баталгаа өгөх бөгөөд иргэдээс авсан судалгаагаар ийм халаагуур хэрэглэгчдийн сэтгэл ханамж 85–90 хувь байгаа гэжээ.

Зургаан дүүргийн гэр хорооллын 7,800 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцаар хангахад НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана. Сан төслийн хэрэгжилт, багцын үйлдвэрлэл, худалдан авалт, нийлүүлэлт, тээвэрлэлт, суурилуулалт, хяналт, шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулна.

Мөн Баруунсалаа, Зүүнсалаа гэр хорооллын 800 айл өрхийг эрчим хүчээр хангахаар батарей хураагууртай, жижиг оврын нарны цахилгаан станц барихаар нийслэлээс шийдвэрлэжээ. Ингэснээр төвийн шугам тасарсан ч тэр бүсийн айлууд тасралтгүй цахилгаантай байх юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen